Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомжийг таниулан сурталчлах уулзалт, зөвлөгөөнийг Гадаадын иргэн, харьяатын газраас тогтмол зохион байгуулж буй. Тэгвэл өнөөдөр /2021.10.22/ олон улс болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, дэд дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албан тушаалтнууд оролцож, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, үүнтэй холбоотойгоор хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, мэдээлэл өгсөн юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт өнгөрөгч зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байна. Хууль хэрэгжсэнээр манай байгууллагад цахимжилттай холбоотой, иргэдийг хүндрэл чирэгдлийг багасгах томоохон өөрчлөлтүүд хийгдээд байна. Тухайлбал, Монгол Улс дэлхийн 36 орны иргэнд цахим виз олгож байна. Мөн гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулж, боловсронгуй болгох чиглэлээр гадаадын иргэдэд дахин давтагдахгүй бүртгэлийн дугаар олгох, гадаадын иргэдийг цахим сайт болон гар утасны аппликэйшнээр бүртгэх, гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгож, холбогдох байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлээд байна” гэв.
Уулзалт, зөвлөгөөнд 40 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд эдгээр байгууллагад тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцлоо. Уулзалт, зөвлөгөөнд оролцогчид Гадаадын иргэн, харьяатын газар дижитал шилжилтийг хийж байгаа нь гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчилж байгаа талаар онцлов. Мөн олон улс болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудад ажиллаж буй гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаатай холбоотой санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид энэ чиглэлээр зөвшөөрөл олгодог төрийн байгууллагуудын давхардлыг багасах, салбар хоорондын уялдааг бий болгох хүсэлтээ уламжлав.
Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсад өнөөдрийн байдлаар 17 улсын, олон улс болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн 78 газар үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, хүмүүнлэгийн чиглэлээр 17, боловсролын чиглэлээр 17, халамжийн чиглэлээр 12, байгаль орчны чиглэлээр 11, эдийн засгийн чиглэлээр 10, эрүүл мэндийн чиглэлээр 7, улс төрийн чиглэлээр, хөдөө аж ахуйн чиглэлээр 2 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа юм.