Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

2024 оны “Тэргүүний нэгж”-ээр Дорноговь аймаг дахь газар шалгарлаа

      Гадаадын иргэн, харьяатын газар 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилтаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Хуралд байгууллагын удирдлага, төв болон хилийн боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн дарга нар, нийт албан хаагчид танхимаар болон цахимаар оролцсон юм.    

           Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр тайлангийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “2024 онд үндсэн үйл ажиллагааны болон албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлээр үр бүтээлтэй олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Засгийн газрын 2024 оны 160 дугаар тогтоолоор “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ыг батлуулж, үүний дүнд төрийн тусгай албан хаагчийн дундаж цалин 70 хувиар нэмэгдэх боломж бүрдсэн. Түүнчлэн “Монгол Улсын виз олгох журам”-д өөрчлөлт оруулж, уригчтай 54 ангиллын визийг цахимаар олгож эхэлсэн зэрэг онцлон дурдах олон ажлууд бидэнд байна. Ирэх 2025 ондоо цахимжуулалтдаа анхаарахын зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлыг тэргүүлэх чиглэл болгон ажиллана. Мөн үйл ажиллагаагаа судалгаа, шинжилгээнд тулгуурлан явуулдаг, бодлого боловсруулдаг судлаач албан хаагчид бүхий судлаач байгууллага болох томоохон зорилтыг дэвшүүлж байна” гэв.

          Ийнхүү өнгөрсөн оны ажлаа дүгнэж, хэлэлцсэний дараагаар 2024 онд ажил үйлсээрээ хамт олноо манлайлан, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдад төрийн болон салбарын шагнал гардуулж, шилдэг хамт олон, албан хаагчдыг тодрууллаа.

      “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Зөвлөгөө, мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн Б.Алтантуяа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Жаргалмаа, Агаарын замын боомт хариуцсан газрын хяналтын улсын байцаагч Б.Болормаа, Д.Болормаа нар тус тус шагнагдав.

          Мөн 2024 оны байгууллагын “Хөдөлмөрийн аварга-төрийн тусгай албан хаагч”-аар Зүүн бүс дэх газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга Б. Ганзориг, “Хөдөлмөрийн аварга-хяналтын улсын байцаагч”-аар Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын байцаагч Р.Зоригоо, “Хөдөлмөрийн аварга-төрийн үйлчилгээний  албан хаагч”-аар Санхүү, хангалт, үйлчилгээний газрын жолооч Ц. Моломжамц нар, байгууллагын оны “Тэргүүний нэгж”-ээр Дорноговь аймаг дахь газар тодров.

          Хууль зүйн албаны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр 4 албан хаагч, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 2 албан хаагч, Гадаадын иргэн, харьяатын газрын “Жуух бичиг”-ээр 13 албан хаагч, байгууллагын нэгжийн “Тэргүүний албан хаагч”-аар 12 албан хаагч тус тус шагнагдлаа.

          Байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, виз, визийн зөвшөөрөл олгох, Монгол Улсад байх хугацаа сунгах, оршин суух зөвшөөрөл олгох, сунгах зэрэг үйлчилгээг цахимаар хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулан хяналт тавих ажлыг үр дүнтэй хэрэгжүүлснийг нь үнэлэн  Виз, зөвшөөрлийн газрын виз, зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн А.Даваадоржийг “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулав.