Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаадын иргэн, харьяатын газрын удирдах албан тушаалтны цугларалт болж байна

Гадаадын иргэн, харьяатын газрын “Удирдах албан тушаалтны нэгдсэн цугларалт” өнөөдөр эхэллээ. Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Болормаа нар оролцлоо.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хувьсан өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд дасан зохицох, дарга нарын манлайлах ур чадварыг сайжруулах, шатаар өгсөх бус шат бүтээхэд анхаарч, удирдаж байгаа нэгж, хамт олноо эрсдэлгүй, зөв удирдлага менежментээр хангаж ажиллах нь чухал” гэдгийг тодотгов. Мөн 2025 онд байгууллагын дэргэд “Бодлогын судалгааны зөвлөл” байгуулж, судалгаа, шинжилгээнд суурилсан оновчтой бодлогыг тодорхойлох, мөн төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч, зөвхөн хуулийг дээдэлсэн, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх чиглэлд анхаарч ажиллах талаар нийт албан хаагчдад чиглэл өгөв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл арга хэмжээний үеэр нийт албан хаагчдад хандаж үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих, жуулчдыг татах бодлого барьж байна. Энэ хүрээнд визийн шаардлагаас чөлөөлөх улс орны тоог нэмэх, хилийн боомтод виз олгох зэрэг олон ажлууд хийгдэнэ. Энэ хэрээр та бүхний ажлын ачаалал, цар хүрээ нэмэгдэж, үйл ажиллагаа өргөжнө. Үүнтэй уялдуулаад гадаадын иргэний шилжилт хөдөлгөөн, цагаачлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулаарай” гэдгийг онцоллоо. Мөн “Та бүхний удирдаж буй энэ цаг үед энэ байгууллагын үйл ажиллагаа жигдэрч, эрийн цээнд хүрч байна. Энэ байгууллагын үйл ажиллагаа цаашид Монгол төрийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн нэр төртэй гүйцэтгэх, түүхэн үүргээ яаж биелүүлэх нь та бүхнээс хамаарна” гэсэн юм.

Цугларалтын эхний өдөр төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжийн дарга нар 2024 онд хийсэн ажлаа танилцуулж, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. Харин маргааш Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, глобалчлалын үр нөлөө ба хор уршиг, манлайлагчийн ёс зүй зэрэг сургалтуудаар үргэлжилнэ.

Байгууллагын үйл ажиллагааны зорилго, зорилт түүнд хүрэх бодлого, шийдвэр, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хэлэлцэх, 2025-2028 онд хэрэгжүүлэх стратеги, зорилтыг танилцуулах, мөн удирдлагын манлайллыг дээшлүүлэх зорилготой уг цугларалтад төв болон боомт,орон нутаг дахь бүсийн газар, хэлтсийн дарга, чиглэл хариуцсан ахлахууд зэрэг нийт 30 гаруй албан  хаагч оролцож байна.