Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол Улсын Их Сургууль эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Монгол Улсын Их Сургуулийн ректор Б.Очирхуяг нар өнөөдөр (2025.02.06) гарын үсэг зурж, 2025-2027 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан орон тооны бус “Бодлогын судалгааны зөвлөл” байгуулж, хууль, эрх зүйн болон бодлогын баримт бичгийг боловсруулахад хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, судалгаанд суурилсан бодлогын зөвлөмж гаргах, албан хаагчдыг магистр, докторын зэрэг ахиулах сургалтад хамруулах, мөн эрх зүй, олон улсын харилцаа, статистик мэргэжлийн оюутнуудыг дадлагажуулах, гадаад оюутнуудыг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, Монгол Улсын хууль журмыг танилцуулах, визийн зөвшөөрөл, оршин суух асуудлаар мэдээлэл хүргэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Гадаадын иргэн, харьяатын газар нь судалгаанд суурилан бодлого боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, цагаачлалын салбарын мэргэжлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд 2025 онд “Олон улсын шилжилт хөдөлгөөн дэх цахим шилжилт ба хяналтын механизм”, “Иргэний харьяаллын чиглэлээр тулгамдаж буй асуудал, олон улсын чиг хандлага” зэрэг сэдвээр судалгааны ажлыг эхлүүлээд байна.