Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Tourism Week-2025” Аялал жуулчлалын үндэсний чуулганд Гадаадын иргэн, харьяатын газар оролцож байна. Тодруулбал, 2025 оны 02 сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй уг чуулган хоёр дахь өдрөө салбар хуралдаануудаар үргэлжилсэн бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын дарга Д. Алтанзул “Виз, зөвшөөрлийн үйл ажиллагааны цахимжилт”, Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын ахлах байцаагч Б.Тамир “Зөрчлийн өнөөгийн байдал, гадаадын иргэний бүртгэл, анхаарах асуудал”, Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Б.Уранчимэг “Гадаадын иргэний 48 цагийн бүртгэл, технологийн шийдэл” сэдвээр тус тус мэдээлэл өгсөн юм.
Гадаадын иргэн, харьяатын газар 2020 оноос хойш үйлчилгээний цахимжилтын ажлыг үе шаттайгаар хийж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар виз, зөвшөөрлийн бүх төрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан. Ингэснээр виз, зөвшөөрлийн үйлчилгээ авахын тулд хамгийн багадаа арваас доошгүй удаа биечлэн ирдэг байсан бол одоо ярилцлага хийх, оршин суух үнэмлэх авах тохиолдолд л биечлэн ирж байна. Мөн 100-150 хүсэлтийг уламжлалт байдлаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол одоо 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цахим виз олголтын үйл явцыг танилцууллаа.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг Гадаадын иргэн, харьяатын байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг цахимаар хийж болно” гэж заасан. Уг хуулийн хэрэгжилтийг хангах, гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэнийг хялбараар бүртгүүлэх технологийн шийдэл, бүртгэл хийх заавар, бүртгэлийн ач холбогдол зэрэг мэдээллийг өгөв.