Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагад өрнөж буй үйл явдлын тойм

АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг хязгаарлана

Дональд Трампын АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн хувиар гарын үсэг зурсан эхний зарлигуудын нэг нь АНУ-ын газар нутагт төрсөн хүүхэд бүрт тухайн улсын иргэншил шууд олгогдож буй явдлыг зогсоох шийдвэр байв. Шинжээчид АНУ-ын Үндсэн хуулийн заалтыг Ерөнхийлөгчийн зарлигаар цуцлах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын хүний эрхийг хамгаалах Америкийн иргэний эрх чөлөөний холбоо (ACLU)-ны тэргүүн Энтони Ромеро болон бусад хүний эрхийг хамгаалах байгууллагууд хамтран Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргааны эсрэг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан “АНУ-д болон түүний харьяа нутаг дэвсгэрт төрсөн бүх хүүхэд оршин суугаа тухайн муж улсын иргэн мөн” гэх заалтыг зөрчөөд зогсохгүй Америкийн үнэт зүйл буюу суурь эрхийг бүдүүлэг, хэрцгийгээр үгүйсгэж байна хэмээн үзжээ.

Тодруулбал АНУ-ын Конгрессын Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн гуравны хоёр, муж улсуудын дөрөвний гурвын саналаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж, баталснаар АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгохыг хязгаарлах, цуцлах боломжтой юм.

Цагаачлалын бодлогын хүрээлэнгээс АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгох эрхийг цуцалбал 2050 он гэхэд тус улсад хууль бус цагаачдын тоо 16 сая (одоогоор 11 сая орчим байгаа) болж өснө. Түүнчлэн 2050 он гэхэд АНУ-ын иргэншилгүй боловч тус улсын нутаг дэвсгэрт төрсөн хүний тоо 4.7 саяд хүрнэ гэсэн судалгаа бүхий таамаглал байгааг дурдсан байна. 

Канад, Мексик зэрэг дэлхийн 30 гаруй улс ямар ч хязгаарлалтгүйгээр нутаг дэвсгэрт нь төрсөн хүүхдүүдэд иргэншил олгодог бол  Их Британи, Австрали зэрэг улсад эцэг эхийнх нь аль нэг нь тус улсын иргэн эсвэл байнгын оршин суугч бол хүүхдэд нь иргэншил олгодог эрх зүйн зохицуулалттай байна.

Эх сурвалж: BBC

Герман виз мэдүүлгийн цахим сувгийг нэвтрүүллээ

Германы Гадаад хэргийн яам виз мэдүүлгийн цахим платформ шинээр нэвтрүүлснийг тус улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок “төрийн захиргааны үйл ажиллагаанд гарсан жинхэнэ хувьсгал” гэж үнэлжээ.

Энэхүү цахим суваг нь ХБНГУ-д ажиллах, суралцах, гэр бүлтэйгээ нэгдэх, эсвэл тухайн улсад оршин сууж буй гэр бүлийн гишүүдтэй уулзах зорилготой хүмүүсийн виз мэдүүлэх үйл явцыг хөнгөвчилж, хүсэлт гаргагчдад 28 төрлийн визийн ангиллаас сонголт хийн, цахимаар мэдүүлэх боломжийг олгох юм.

Тус шинэ сувгийг  2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дэлхийн өнцөг булан бүрд байрлах Германы 167-н виз мэдүүлгийн төвүүдэд ашиглахаар төлөвлөжээ. Гадаад хэргийн сайд А. Бербок энэхүү цахим системийг өндрөөр үнэлж, “аль эрт энэ шинэчлэлийг хийх ёстой байсан” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: Deutsche Welle

Цагаачлалын улмаас Их Британийн хүн ам 2032 он гэхэд 72.5 саяд хүрнэ

ИБУИНХУ-ын нийт хүн ам 2022 онд 67.6 сая байсан бол цэвэр шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр 2032 он гэхэд 72.5 саяд хүрэх төлөвтэй байгааг Үндэсний статистикийн газар (ONS) мэдэгдлээ.

Сүүлийн жилүүдэд Их Британид цагаачлалын үзүүлэлт түүхэн дээд түвшинд хүрч, эдийн засаг, нийгэмд шууд нөлөөлж байгаатай холбоотойгоор хүн амын өсөлтөөс шалтгаалсан төрийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх, мөн эдийн засгийг хөдөлгөх гадаадын ажиллах хүчний хэрэгцээний талаар маргаан үүсгэх нөхцөл бий болно гэж Үндэсний статистикийн газраас таамаглаж байна.

ИБУИНХУ-ын үе үеийн засаг захиргаа болон Ерөнхий сайд Кир Стармерын Хөдөлмөрийн засгийн газар нь мөн цагаачлалыг бууруулахаа амласан байдаг. Цагаачлалын асуудал нь улс төрийн халуун сэдэв хэвээр байгаа бөгөөд 2016 оны Брекситийн санал хураалтад нөлөөлөөд зогсохгүй Шинэчлэлийн нам (Reform UK)-ын баруун төвийн үзэл баримтлал, улс төрийн байр суурийг нэмэгдүүлж байна.

Цэвэр шилжилт хөдөлгөөний үзүүлэлт (ирсэн хүмүүсээс явсан хүмүүсийг хассан тоо) 4.9 саяд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь ирэх 10 жилийн хугацаанд хүн амын өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл болохыг Үндэсний статистикийн газар онцолжээ.

Хүн амын хэтийн тооцоо нь ИБУИНХУ-ын Сангийн сайд Рэйчел Рийвсийн хувьд таатай мэдээ байх бөгөөд энэ нь Их Британийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж, Засгийн газрын зээлийн хэмжээг бууруулах боломжтой гэж Шийдлийн сан (Resolution Foundation)-ийн бодлогын төв мэдэгдсэн.

Хүн амын хэтийн тооцоогоор 2022 оноос 2023 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд цэвэр шилжилт хөдөлгөөний үзүүлэлт 900,000 давж, түүхэн дээд хэмжээг тогтоосонтой холбогдуулан 2028 оны 2 дугаар хагас жилээс эхлэн цэвэр цагаачлалын үзүүлэлт жил бүр 340,000 д хүрнэ гэж тооцоолж байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/

Бүгд Найрамдах Солонгос Улс гадаадын оршин суугчдад зориулсан цахим үнэмлэх нэвтрүүллээ

Бүгд Найрамдах Солонгос Улсад оршин суудаг гадаадын иргэд цахим оршин суух үнэмлэх авах боломжтой боллоо. Тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны мэдээлснээр 14 ба түүнээс дээш насны гадаадын иргэд ухаалаг гар утасны тусламжтайгаар цахим оршин суух үнэмлэх авах боломжтой байна. Тус цахим үнэмлэх нь хуулийн дагуу биет үнэмлэхтэй адил хүчинтэй бөгөөд төрийн байгууллага, эмнэлэг, хүнсний дэлгүүр зэрэг олон газарт ашиглах боломжтой юм.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар нь томоохон банк, санхүүгийн байгууллагууд болон холбогдох агентлагуудтай хамтран санхүүгийн үйлчилгээг зайнаас авахад мөн тухайн цахим оршин суух үнэмлэхийг биеийн байцаалт болгон ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш олгогдсон  оршин суух үнэмлэхүүд нь холбогдох мэдээллийг нэгтгэсэн схем бүхий чип (IC) -тэй байх тул иргэд цагаачлалын албанд очих шаардлагагүйгээр ухаалаг гар утасны тусламжтайгаар  цахим үнэмлэхийг шууд авах боломжтой байна. Харин уг хугацаанаас өмнө олгогдсон биет оршин суух үнэмлэхтэй бөгөөд шинээр цахим үнэмлэх авах хүсэлтэй хүмүүс нь цагаачлалын албанд өөрийн биеэр очиж, код (QR) уншуулах шаардлагатай юм.

Түүнчлэн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хүний хувийн мэдээллийг хамгаалах, хууль бусаар ашиглагдахаас сэргийлэхийн тулд блокчейн зэрэг нууцлалтай дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Цахим үнэмлэх нь зөвхөн тухайн хүний нэр дээр бүртгэлтэй нэг л төхөөрөмжтэй холбогдох зохицуулалттай байх юм.

Энэхүү шинэчлэл нь гадаадын иргэдэд илүү хялбар, хурдан үйлчилгээ үзүүлэхээс гадна цахим шилжилтийг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах төлөвтэй байна.                                                                            

Эх сурвалж: www.koreaherald.com

Шинэ Зеланд цахим нүүдэлчдийг татахын тулд түр ирэгчийн визийн журмаа хөнгөвчилж байна

Шинэ Зеланд Улс нь аялал жуулчлалын салбараа дэмжиж, эдийн засгаа сэргээх зорилгоор түр ирэгчдийг тухайн улсад аялж байх хугацаандаа цахимаар ажиллах боломжийг олгох шинэ визийн журам танилцууллаа.

Цагаачлал хариуцсан сайд Эрика Стэнфордын мэдээлснээр 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс түр ирэгчийн визэд шинэ зохицуулалт хэрэгжиж эхлэх бөгөөд хүмүүс Шинэ Зеландад зорчиж байх хугацаандаа цахимаар ажиллах боломжтой болох аж. Тэрээр “Энэхүү шинэ журам нь манай улсын аялал жуулчлалын зах зээлийг өргөжүүлэх томоохон алхам бөгөөд бид Шинэ Зеландыг аялж, ажиллахад хамгийн таатай улс болгон хөгжүүлэхийг зорьж байна” хэмээн онцоллоо.

Шинэ Зеландын эдийн засаг 2024 оны гуравдугаар улиралд уналтад орж, Засгийн газар нь өсөлтийг эрчимжүүлэх арга замыг эрэлхийлж буй. Аялал жуулчлалын салбар нь Ковид-19 цар тахлын үеэр хил хаагдахаас хойш бүрэн сэргэлт аваагүй бөгөөд олон улсаас зочлох зорчигчдын тоог 2019 оны түвшинтэй харьцуулахад 86 хувьтай  байна.

Эдийн засгийн өсөлт хариуцсан сайд Никола Уиллис “Засгийн газар энэхүү шинэ журмаар Шинэ Зеландыг дэлхийн авьяаслаг хүмүүсийн цугларах газар байх болно гэдгийг харуулахыг зорьж байна”, мөн “Бид эдгээр хүмүүс болон ажил олгогч нарт ирээдүйд Шинэ Зеландтай хамтран илүү өргөн үйл ажиллагаа явуулах боломжтойг харгалзан үзэхэд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна” хэмээн онцоллоо.

Эх сурвалж: www.voanews.com