Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ) болон түүний гишүүн байгууллагууд болох Монголын хөлбөмбөгийн баг, клубийн төлөөллүүдтэй Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Виз, зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул нар өнөөдөр уулзлаа.
Уулзалтаар Монголын Хөлбөмбөгийн Үндэсний Дээд Лигийн шинэ улирал эхлэхтэй холбогдуулан гадаад тамирчид, дасгалжуулагчдын виз, оршин суух зөвшөөрлийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид шийдвэрлэх арга замыг хамтран хэлэлцлээ.
Монголын хөл бөмбөгийн баг, клубүүдийн зүгээс Монголын Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх нэгэн санаа, зорилго тээж өдийг хүрсэн ч мэргэжлийн гадаад тоглогч, дасгалжуулагчдыг урьж ирүүлэхэд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөр эрхлэх ангиллын виз авах, гадаад тоглогчийн тоогоор сар бүр ажлын байрны төлбөр төлөх, виз авах шат дамжлага их, шийдвэрлэх хугацаа урт зэрэг нь хүндрэл үүсгэж байгааг онцоллоо. Иймд гадаад тамирчид, дасгалжуулагчдын виз, оршин суух зөвшөөрлийн нөхцөлийг хөнгөвчлөх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, мэргэжлийн холбоодоос зохион байгуулдаг тэмцээн уралдаанд оролцох гадаад тамирчдад зориулсан визийн тусгай ангилал гаргаж, нэгдсэн нэг ангиллын виз олгох боломжтой эсэх талаар хүсэлт тавьсан юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын зүгээс тэдний дэвшүүлсэн санал, асуудлыг сонсож, байгууллагын эрх хэмжээний хүрээний зарим тодорхой асуудлыг шийдвэрлэж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн цахим системээр үйлчилгээ авах, гадаадын иргэнийг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, 48 цагийн бүртгүүлэх чиглэлээр холбогдох зөвлөгөө, мэдээллийг өгөв.