Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан зөвлөмж

Гадаадын иргэний виз, оршин суух зөвшөөрлийг хүсэлт гаргахдаа баримт бичгийн бүрдлийг сайтар хангаж, мэдээллийг үнэн зөв, алдаагүй, бүрэн гүйцэд ирүүлээгүйгээс шалтгаалан хүсэлт буцаагдах, шийдвэрлэх хугацаа удаашрах болон санхүүгийн эрсдэл үүсэх нөхцөл бий болдог. Иймд гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад дараах ЗӨВЛӨМЖИЙГ хүргүүлж байна.


  1. Албан хүсэлтэд гадаадын иргэнийг урих зорилго, уригдагчийн овог нэр, паспортын дугаар, виз авах газар, байх хугацааг тодорхой тусгана. Мөн албан бичиг нь албан хэрэг хөтлөлтийн шаардлагад нийцсэн байна.
  2. Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас итгэмжлэх олгосон байна. Хүсэлт гаргахдаа итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхийн хамт ирүүлнэ.  Итгэмжлэлд он, сар, өдөр, албан бичгийн дугаар, байгууллагыг төлөөлөн ажиллах хүний овог, нэр, албан тушаал болон итгэмжлэхийн хүчин төгөлдөр хугацааг тодорхой тусгана.
  3. Уригдагч гадаадын иргэний паспортын хуулбарыг байршуулахдаа өнгө ялгаралт сайтай, тод, бүтэн, сарнилтгүй, сканердсан байх шаардлагатай.
    Мөн иргэний харьяалал (Nationality), төрсөн улс (Country of birth), төрсөн муж (State of birth), паспорт олгосон газар зэрэг мэдээллийг паспорт дахь мэдээлэлтэй тулгаж, зөв ирүүлнэ.
  4. Цээж зургийг өнгөт, тод, бүтэн, хүрээгүй, сарнилтгүй ирүүлэх бөгөөд арын дэвсгэр нь цагаан өнгөтэй байна. Зургийн хэмжээ 3.5см x 4.5см, cүүлийн 6 сард авхуулсан байна.
  5. Хувийн мэдээлэл буюу ажил эрхлэлт, боловсрол, гэр бүл, яаралтай холбоо барих хүний мэдээллийг бүрэн бөглөнө.
  6. Виз авах газар нь албан хүсэлт дээр дурдсантай адил, Монгол Улсад оршин суух дэлгэрэнгүй хаяг нь хаягийн баталгаажуулалт талбарт ирүүлсэн хаягтай адил  байна.
  7. Орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хаягийн баталгаажуулалтын захидал, иргэний үнэмлэхийн хуулбар, захидалд дурдсан хаягийг нотлох баримт бичиг (үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түрээсийн гэрээний хуулбар г.м), хаягийн мэдээллийг бүрэн, зөв ирүүлнэ.  Хаягийн  мэдээлэл нь аяллын мэдээлэл талбар дахь мэдээлэлтэй адил байна. 
  8. С буюу хөдөлмөр эрхлэх ангиллын виз болон оршин суух зөвшөөрөл хүсэхдээ уригдагчийн ажил мэргэжилд тохирсон “Ажлын байрны тодорхойлолт”-ыг уригч байгууллагын загвараар ирүүлнэ. “Ажлын байрны тодорхойлолт” нь тухайн уригдагчийн эрхлэх ажил, үүрэг, цагийн хуваарь, ажлын байр, ажиллах нөхцөл зэрэг мэдээллийг тодорхой тусгасан байна.
  9. В буюу хөрөнгө оруулагч ангиллын виз болон оршин суух зөвшөөрөл хүсэхдээ компанийн дүрэм болон аудитын дүгнэлтийг хавсаргана.
  10. Е буюу суралцах ангиллын виз, оршин суух зөвшөөрөл хүсэхдээ эрүүл мэндийн хуудсыг бүрэн ирүүлэх ба ДОХ, тэмбүү, сүрьеэ, В/С вирусийн шинжилгээний хариу заавал багтсан байна.

 

Үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1882 лавлах утас,

хиймэл оюун ухаанд суурилсан чатботоос авах  боломжтой.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР