Хяналтын улсын байцаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр (2025.12.25) зохион байгууллаа. Тодруулбал, Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн эрх олгох журмын дагуу төв болон орон нутаг дахь газар, хэлтсийн 15 байцаагч тангараг өргөв.
Тангараг өргөх ёслолд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр оролцсон бөгөөд тангараг өргөсөн албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, албан үүргээ нэр төртэй, шударгаар хэрэгжүүлэх, иргэн бүрд эрх тэгш хандаж, төрийн албан хаагчийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг санууллаа.
Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийх эрхтэй албан тушаалтан бөгөөд Монгол Улсын хэмжээнд 108 хяналтын улсын байцаагч чиг үүргээ хэрэгжүүлэн, гадаадын иргэдэд хяналт тавин ажиллаж байна.