Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

2025 оны шилдгүүдээ тодрууллаа

Гадаадын иргэн, харьяатын газар 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилтаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг өнөөдөр (2025.12.26) зохион байгууллаа.

Хуралд байгууллагын удирдлага, төв болон хилийн боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн дарга нар, нийт албан хаагчид танхимаар болон цахимаар оролцсон юм.

            Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Улирч буй онд виз, бүртгэл, мэдээллийн системийн хөгжүүлэлтийг үргэлжлүүлж, цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ хиймэл оюунд суурилсан чатбот нэвтрүүлснээр иргэд цаг хугацаа, байршлаас үл хамааран мэдээлэл авах боломж бүрдүүлсэн нь байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан.” хэмээн онцлов.

Цаашид виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг шинэчилж, хиймэл оюунд суурилсан автоматжуулалт, шийдвэр дэмжих шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэн хүний оролцоог бууруулах, гадаадын иргэний бүртгэл хяналтыг сайруулна. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль ёсыг чандлан сахин биелүүлэх, хуулиар хүлээсэн үүргийг ягштал биелүүлэх, албан хаагч бүр ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах асуудал чухлаар тавигдана гэдгийг тодотгосон юм.

2025 онд гүйцэтгэсэн ажлын зарим тоон мэдээллийг онцолбол, албадан гаргасан иргэдийн хувьд өмнөх оноос 41.4 хувиар өссөн бол албадан гаргасан шийдвэрийг цуцалсан иргэдийн тоо 51 хувиар буурсан байна.

Өнгөрөгч онд 1800-1882 дугаарын утсаар 87245 дуудлагыг хүлээн авсан бөгөөд  өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан дуудлагын хэмжээ 20.8%-аар өссөн бол алдсан дуудлагын хэмжээ 10.2%-аар буурсан үзүүлэлт байна.

2025 онд ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажилласан тэргүүний албан хаагч, нэгжийг шалгарууллаа. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Зөвлөгөө мэдээллийн хэлтсийн Цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Мандах, Санхүү, хангалт үйлчилгээний газрын Сантехникч Х.Батсайхан, Агаарын замын боомт хариуцсан газрын Ээлжийн ахлах мэргэжилтэн Н.Амаржаргал, Агаарын замын боомт хариуцсан газрын Хяналтын улсын байцаагч Д.Ариунтунгалаг нар тус тус шагнагдав.

          Мөн 2025 оны байгууллагын “Хөдөлмөрийн аварга-төрийн тусгай албан хаагч”-аар Захиргаа, удирдлагын газрын Тайлан, төлөвлөгөө хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Очгэрэл, “Хөдөлмөрийн аварга-хяналтын улсын байцаагч”-аар Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын байцаагч Ц.Ганболд, “Хөдөлмөрийн аварга-төрийн үйлчилгээний  албан хаагч”-аар Санхүү, хангалт, үйлчилгээний газрын нярав Ч.Уранзаяа нар, байгууллагын оны “Тэргүүний нэгж”-ээр Ц.Солонго даргатай Зөвлөгөө, мэдээллийн хэлтсийн хамт олон тодров.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай хүргэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Зүүн бүс дэх газрын хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэтуяаг “Хүндэт дэвтэр”-т бичиж, алдаршууллаа.