Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Удирдах албан хаагчдын цугларалт болж байна

Гадаадын иргэн, харьяатын газрын “Удирдах албан тушаалтны нэгдсэн цугларалт” өнөөдөр эхэллээ. Арга хэмжээний нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Оростогоо нар оролцлоо.

Энэ удаагийн цугларалтаар өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлж байна.

Гадаадын иргэн, харьяатын газар гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд 2025 онд 583 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлж, сүүлийн хоёр жилийн хугацаанд цахимаар үйлчилгээ авсан иргэдийн тоо 12.4 дахин өсжээ.

Мөн зөвлөгөө мэдээллийн үйлчилгээнд хиймэл оюун (AI)-д суурилсан чатботыг нэвтрүүлж, иргэдэд 24 цагийн турш монгол, англи, хятад хэлний сонголттойгоор зөвлөгөө, мэдээлэл хүргэж эхэлсэн.

Ийнхүү үйлчилгээ цахимжсанаар зөвхөн байгууллагын төвийн нэгжүүдэд хэрэгжүүлж ирсэн виз, зөвшөөрөл, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад цахимаар хуваарилж, төвлөрлийг сааруулах, албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх боломжийг бүрдүүлээд байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаа, виз, зөвшөөрлийн үйлчилгээ сүүлийн жилүүдэд шинэ шатанд гарсныг онцолж, энэ нь байгууллагын удирдлага, манлайллын бодит үр дүн гэдгийг тэмдэглэлээ. Цаашид шинээр нэвтрүүлсэн тэргүүн туршлагыг хууль зүйн салбарын бусад байгууллагад таниулах, хэрэгжүүлэх, үйлчилгээг улам боловсронгуй болгох санал, санаачилгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн гадаадын иргэний эрх зүйн байдлыг тогтоож, гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суухтай холбогдсон харилцааг зохицуулж байдаг гол хууль болох Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар батлуулах томоохон ажил хүлээгдэж байгааг тодотгосон юм.

Мөн мэдээллийг иргэдэд тэнцвэртэй байдлаар хүргэх, гадаадын иргэдийн хяналтыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах талаар холбогдох чиглэлүүд өгөв.