Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолын дагуу төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг улс орон даяар зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Гантулга, Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга, улсын ахлах байцаагч Х.Төмөрбаатар, Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч Ц.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдрөөс (2026.01.15) Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж байна.

Ажлын хэсгийг тус газрын дарга Н.Ууганбаяр хүлээн авч, байгууллагын үйл ажиллагаа, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч, танилцуулга хийв.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу архивын баримтыг тогтмол баяжуулан хөтөлж байгаа бөгөөд байгууллагын архивд 12 мянга гаруй цаасан хадгаламжийн нэгж, 363 цахим баримт хадгалагдаж байна.

Улсын үзлэг нь төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшнийг үнэлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүгнэлт гаргах, зөвлөн туслах, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлох зорилготой юм.