Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагад өрнөж буй үйл явдлын тойм мэдээ

Тайланд улс 2026 оны 09 дүгээр сарын 15-аас визгүй зорчих хугацааг 30 хоног болгон бууруулна

Тайланд улс 60 хүртэл хоног визгүй зорчих тусгай зохицуулалтыг цуцалж, энэ оны 09 дүгээр сарын 15-аас эхлэн тодорхой улс, нутаг дэвсгэрийн иргэдэд 30 хүртэл хоног визгүй зорчих шинэ журам хэрэгжүүлэхээр болжээ.

Тус улсын Дотоод хэргийн яам визийн шаардлагаас чөлөөлөх бодлогод өөрчлөлт оруулахтай холбоотойгоор дөрвөн журмыг 08 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын албан ёсны хэвлэл болох “Royal Gazette”-д нийтэлсэн байна. Журам нийтлэгдсэнээс хойш 15 хоногийн дараа буюу 09 дүгээр сарын 15-аас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд одоогийн 60 хоногийн визгүй зорчих журам 09 дүгээр сарын 14-нийг дуустал үйлчилнэ.

Шинэ журмаар 2024 оны 07 дугаар сарын 15-аас хэрэгжиж эхэлсэн, 93 улс, нутаг дэвсгэрийн иргэдэд 60 хүртэл хоног визгүй зорчих боломж олгосон тусгай зохицуулалтыг хүчингүй болгож, визгүй зорчих хугацааг 30 хоног болгон бууруулжээ. Өмнөх зохицуулалтаар аялал жуулчлалаас гадна тодорхой төрлийн богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх, ажил хэргийн зорилгоор 60 хүртэл хоног оршин суух боломжтой байсан.

Дээрх зохицуулалтаар АНУ, Их Британи, Канад, Австрали зэрэг 60 улс, нутаг дэвсгэрийн иргэд Тайландад 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болох бол Маврики, Сейшелийн арлуудын иргэд 15 хүртэл хоног визгүй зорчиж, Азербайжан, Беларусь, Серби улсын иргэдэд хил дээр виз авах нөхцөл /Visa on Arrival/ үйлчилнэ.

Гуч хоног визгүй зорчих ангилалд хамрагдах иргэд Тайландын Цагаачлалын байгууллагын зөвшөөрлөөр оршин суух хугацаагаа нэг удаа, 30 хүртэл хоногоор сунгуулах боломжтой.

Харин шинэ зохицуулалтаас үл хамааран Тайланд улстай байгуулсан хоёр талын визгүй зорчих хэлэлцээрүүд хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ. Иймд хоёр талын хэлэлцээрт заасан визгүй зорчих хугацаа нь энэхүү шинэ ерөнхий зохицуулалтаас үл хамааран тусдаа үйлчилнэ.

Тухайлбал, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Казахстан, Лаос, Макао, ОХУ, Тимор-Лесте, Вьетнам зэрэг улсын иргэдийн хувьд холбогдох хоёр талын болон тусгай зохицуулалтын дагуу визгүй зорчих нөхцөл хэвээр хадгалагдана.

Эх сурвалж: www.visanews.com

Япон улс 10 дугаар сарын 01-ээс цагаачлал болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хураамжийг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

Япон улсын Хилийн шалган нэвтрүүлэх, хяналтын газар 2026 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн оршин суух зөвшөөрөлтэй холбоотой зарим төрлийн үйлчилгээний хураамжид томоохон өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.

Шинэ зохицуулалтад дараах үндсэн үйлчилгээ хамрагдана. Үүнд:

  • Оршин суух хэлбэр өөрчлөх зөвшөөрөл авах;
  • Оршин суух хугацаа сунгуулах;
  • Байнгын оршин суух зөвшөөрөл авах.

Шинэ тогтолцооны дагуу оршин суух хэлбэр өөрчлөх болон оршин суух хугацааг сунгуулах үйлчилгээний хураамж нь цагаачлалын байгууллагаас өргөдөл гаргагчид бодитоор олгосон оршин суух хугацаанаас хамааран ялгаатай байхаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар оршин суух хэлбэр өөрчлөх, оршин суух хугацаа сунгуулах хүсэлтийг Хилийн шалган нэвтрүүлэх, хяналтын газарт биечлэн гаргавал 6,000 иен, цахимаар гаргавал 5,500 иений хураамж төлдөг байна. Харин 2026 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн эдгээр хураамжийг олгогдсон оршин суух хугацаанаас хамааруулан нэмэгдүүлнэ.

Хамгийн их анхаарал татаж буй өөрчлөлт нь байнгын оршин суух зөвшөөрлийн хураамж юм. Одоогийн 10,000 иений хураамжийг 200,000 иен болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь одоогийн түвшнээс 20 дахин илүү юм.

Оршин суух хэлбэр өөрчлөх, хугацаа сунгуулахтай холбоотой хураамжийг өргөдөл гаргагчийн хүссэн хугацаагаар бус, харин эрх бүхий байгууллагаас бодитоор зөвшөөрсөн оршин суух хугацаанд үндэслэн тооцох юм. Тухайлбал, өргөдөл гаргагч 5 жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл хүссэн боловч цагаачлалын байгууллагаас 1 жилийн хугацаагаатай зөвшөөрөл олговол 1 жилийн хугацаанд ногдох хураамжийг төлнө.

Иймд гадаадын иргэд болон гадаад ажилтан ажиллуулдаг байгууллагууд цагаачлалтай холбоотой төлөвлөгөө, төсөв боловсруулахдаа зөвшөөрөгдөж болох оршин суух хугацаа болон түүнд ногдох хураамжийг урьдчилан тооцох шаардлагатай болж байна. Аравдугаар сарын 1-ээс өмнө гаргасан хүсэлтэд өмнөх хураамжийн зохицуулалт үйлчлэхээр байна.

Шинэ тогтолцоонд эдийн засгийн хүндрэлтэй болон тусгай нөхцөл байдал үүссэн тохиолдолд тодорхой ангиллын өргөдөл гаргагчийн хураамжийг бууруулах, эсхүл чөлөөлөх зохицуулалт мөн тусгагджээ. Тухайлбал, тогтоосон шаардлагыг хангасан зарим иргэн хураамжийн хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд дипломат, албан оршин суух хэлбэрийн тодорхой тохиолдолд хураамжаас чөлөөлөгдөж болох юм.

Энэхүү өөрчлөлт нь Япон улсад оршин суухтай холбоотой захиргааны үйлчилгээний зардлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр байна. Ялангуяа гадаад ажилтан ажиллуулдаг байгууллагууд дараах зардлаа дахин тооцоолох шаардлагатай болно. Үүнд:

  • Ажилтнуудын оршин суух хугацааг сунгуулах;
  • Оршин суух хэлбэрийг өөрчлөх;
  • Гэр бүлийн гишүүдийн оршин суух зөвшөөрөл;
  • Олон ажилтны оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтийг нэгэн зэрэг гаргах зэрэг асуудал багтаж байна.  

Гадаадын иргэдийн хувьд өргөдөл гаргах хугацаагаа зөв төлөвлөхөөс гадна цагаачлалын байгууллагаас бодитоор олгож болох оршин суух хугацааг харгалзан үзэх нь чухал болж байна.

Энэхүү өөрчлөлт нь зөвхөн захиргааны хураамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ төдийгүй Япон Улс оршин суух болон байнгын оршин суух зөвшөөрлийн тогтолцооны захиргааны зардал, үйлчилгээний үнэлгээг шинэчлэн тогтоох чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын өөрчлөлт гэж үзэж болно.

Эх сурвалж: www.newslandchase.com

Австралийн Засгийн газар шилжилт хөдөлгөөнийг бууруулах шинэ арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

Австралийн Засгийн газар тус улсыг зорих иргэдийн урсгалыг бууруулах, түр хугацаагаар оршин сууж буй иргэдийн тус улсад байх нөхцөл, хугацааг чангалах шинэ арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү бодлогын өөрчлөлтийг Австралийн Дотоод хэргийн сайд Тони Берк Үндэсний хэвлэлийн клубт танилцуулахаар төлөвлөж байсан боловч илтгэл нь хойшлогджээ. Засгийн газрын мэдээлснээр уг илтгэлийг ойрын хоёр долоо хоногийн хугацаанд танилцуулж, Австралийн шилжилт хөдөлгөөний тогтолцоог бүхэлд нь хамарсан бодлогын шинэчлэлийн асуудлыг хөндөхөөр төлөвлөж байна.

Илтгэлийг хойшлуулсан нь Ерөнхий сайд Энтони Албанезийг шинэ бодлогын өөрчлөлтийг олон нийтэд танилцуулах үйл явцад оролцох боломж бүрдүүлэхийн зэрэгцээ эрх баригч Хөдөлмөрийн нам шилжилт хөдөлгөөний бодлогын талаар улс төрийн дарамтад хариу арга хэмжээ авах шаардлагатай болсонтой холбоотой гэж мэдээлжээ.

Засгийн газрын төлөвлөж буй арга хэмжээ нь цэвэр шилжилт хөдөлгөөний хэмжээг өмнө нь тогтоосон зорилтот түвшнээс огцом бууруулахад бус, харин шилжилт хөдөлгөөний тогтолцооны тодорхой сувгуудыг илүү хатуу зохицуулахад чиглэж болзошгүй байна.

Одоогоор хэлэлцэж буй өөрчлөлтүүдэд:

  • “Working Holiday” буюу ажиллангаа аялах хөтөлбөрийн нөхцөл, шаардлагыг чангатгах;
  • Гэр бүлийн визийн мэдүүлэгт тавих шаардлагыг нэмэгдүүлэх;
  • Гадаадын иргэдийн виз болон цагаачлалын асуудлаарх шийдвэрийг давж заалдах зарим эрхийг хязгаарлах;
  • Түр хугацаагаар оршин суугчдыг Австралиас сайн дураар гарахад чиглэсэн зохицуулалт хэрэгжүүлэх зэрэг асуудал багтаж байна.

Австралийн Засгийн газар 2025–2026 оны санхүүгийн жилд байнгын оршин суух зөвшөөрөл олгох хөтөлбөрөөр 185,000 хүнийг хүлээн авах зорилтот хэмжээг баталсан бөгөөд энэ нь өмнөх жилийнхтэй ижил байна.

Гэхдээ Австралийн Засгийн газар виз, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бусад зохицуулалтыг үе шаттайгаар чангатгасаар байна. Тухайлбал, магистр, докторын түвшинд суралцах хүсэлтэй гадаад оюутнуудын визийн хураамжийг 5,750 австрали доллар болгон нэмэгдүүлсэн нь өмнөхтэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь богино хугацаанд хураамжийг дахин нэмэгдүүлж буй явдал бөгөөд өмнө нь гуравдугаар болон зургаадугаар сард ийнхүү нэмж байжээ.

Эх сурвалж: www.theguardian.com

БНСУ-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллаж буй гадаад ажилчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

БНСУ-д Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо (Employment Permit System – EPS)-ны хүрээнд ажиллаж, оршин сууж буй гадаад ажилчдын тоо 2026 оны 07 дугаар сарын байдлаар 287,424-т хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.

EPS нь ажиллах хүчний хомсдолтой жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн бус гадаад ажилчин ажиллуулах боломж олгодог тогтолцоо бөгөөд уг тогтолцооны хүрээнд ажиллаж буй гадаадын иргэдэд голчлон E-9 төрлийн виз олгодог.

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн яамнаас гаргасан мэдээллээр, EPS-ийн хүрээнд ажиллаж буй гадаад ажилчдын тоо энэ оны 07 дугаар сарын байдлаар 287,424 болжээ. Энэхүү мэдээллийг парламентын гол сөрөг хүчин болох Ардын хүчний намын депатут Кит Васан олон нийтэд мэдээлсэн байна.

2021 онтой харьцуулахад EPS-ийн хүрээнд ажиллаж буй гадаад ажилчдын тоо энэ онд 127,961 хүнээр нэмэгдэж, ойролцоогоор 80 хувиар өссөн байна. Салбараар нь авч үзвэл гадаад ажилчдын дийлэнх буюу 80 орчим хувь нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.  

Депутат Ким Висан E-9 визтэй гадаад ажилчид үйлдвэрлэлийн салбарт хэт төвлөрч байгаа нь EPS-ийн тогтолцоог шинэчлэх шаардлагатайг харуулж байна гэж мэдэгджээ. Тэрээр үйлчилгээний болон бусад салбарт ажиллах хүчний хомсдол хэвээр байгаа нөхцөлд гадаад ажилчдыг зөвхөн үйлдвэрлэлийн салбарт төвлөрүүлэх бус, ажиллах хүчний бодит хэрэгцээтэй салбаруудад илүү оновчтой, тэнцвэртэй хуваарилах шаардлагатайг онцолсон байна.

Үүний зэрэгцээ БНСУ-ын Засгийн газар EPS-ийн хүрээнд олгох E-9 визийн жилийн квотыг 2024 онд 165,000 байсныг 2026 онд 80,000 болгон бууруулжээ. Квотыг бууруулсан нь БНСУ-ын эдийн засгийн өсөлт саарч буй нөхцөл байдалтай холбоотой бөгөөд EPS-ийн хүрээнд гадаад ажилчин ажиллуулах хүсэлт гаргаж буй дотоодын аж ахуйн нэгжүүдийн тоо мөн буурахад нөлөөлж байна.

Эх сурвалж: www.koreatimes.co.kr

 

---o0o---