Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Наймдугаар сарын зөрчил шалган шийдвэрлэлтийн мэдээ

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор өнгөрөгч наймдугаар сард төлөвлөгөөт 3, төлөвлөгөөт бус 27 удаагийн хяналт шалгалтад 145 аж ахуйн нэгж байгууллагын 2299 гадаадын иргэнийг хамруулав.

Мөн зөрчилд холбогдсон нийт 2994 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдууллаа. Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.55 хувь буюу 2741 нь уригч хуулийн этгээдээр, 8.15 хувь буюу 244 нь хувь хүнээр, 0.30 хувь буюу 9 нь уригч иргэнээр зөрчил гаргасан байна.

Зөрчлийн төрлөөр нь авч үзвэл, уригч хуулийн этгээд нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэх, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй, хууль тогтоомжид заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлээгүй зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн, виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчиж хуульд заасан хариуцлага хүлээсэн зэрэг үндэслэлээр 12 улсын 94 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

Уригч иргэн, хуулийн этгээд нь уригдагч гадаадын иргэнийг зөрчлөөс урьдчилан сэргийлж, тухайн иргэний виз, оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тогтмол шалгах, хүчинтэй хугацаа дуусахаас өмнө сунгалт хийлгэх, эсхүл Монгол Улсаас гаргах, нутаг буцаахыг анхаарна уу.