Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевыг хүлээн авч уулзлаа


Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх онд тохиох гэж буйг дуулгаад улс төр, эдийн засгийн харилцаа шинэ түвшинд гарч байгааг онцоллоо.


Тэрбээр цаашид хоёр улсын иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж ажиллах нэн шаардлагатай байгаа талаар дурдсан юм. Тухайлбал, хоёр улсын Цагаачлалын байгууллагууд шаардлагатай мэдээллийг солилцож, хамтын ажиллагааг сайжруулах ёстой гэлээ. Түүнчлэн бичиг баримтгүй, хоёрдмол харьяалал үүсгэн хууль зөрчиж буй иргэдийн талаар дурдаад нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.


Тиймээс хоёр улсын Гадаадын иргэн харьяатын газар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор цахим уулзалтыг яаралтай зохион байгуулах саналтай байгаагаа элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев илэрхийллээ.
Харин Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевын саналыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, шаардлагатай  бүхий л мэдээллүүдийг солилцох бүрэн боломжтой гэлээ. Цаашид хоёр улсын иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар боллоо.