Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын “Удирдах ажилтны мэргэжил, арга зүйн цугларалт” өнөөдөр /2021.12.23/ эхэллээ.
Байгууллагын зорилго, зорилт, тэдгээрийн биелэлт өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, ирэх онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулагдаж буй уг цугларалтад төв болон боомт,орон нутаг дахь бүсийн газар, хэлтсийн дарга нар оролцож байна.
“Удирдах ажилтны мэргэжил арга зүйн цугларалт”-ын нээлтэд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, дэд дарга Д. Мөнхбаатар нар оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “2021 онд байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг цахимжуулах, программ хангамжийн дэвшилтэт технологийг хөгжүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах чиглэлээр олон шинэ ажлыг эхлүүлж, энэхүү ажлын маань үр дүн, үр өгөөж нь иргэдэд хүрч байгаад баяртай байна. Цаашид энэхүү цахимжилтын ажлыг улам гүнзгийрүүлж цахим үйлчилгээний тоо, төрлөө нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүйгээр чанартай хүргэх чиглэлд анхаарч ажиллана.” хэмээн онцлов. Үүнтэй холбогдуулан программ хангамжийн дэвшилтэт технологийг хөгжүүлэх, албан хаагчдын сэтгэлгээ, ёс зүйн хандлага, зан үйлээ өөрчлөх, зөрчил, дутагдал гаргахгүйгээр ажиллах талаар нэгжийн дарга нарт тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.
Мөн энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран төв болон орон нутаг дахь газрын албан тушаалтны хандлага, ёс зүй, удирдлагын арга барилыг дээшлүүлж, мэргэшсэн, чадахуйд суурилсан төрийн албаны удирдлагын шинэ соёлыг төлөвшүүлэх зорилтот сургалтыг зохион байгууллаа.