Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилтаа дүгнэж, 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа өнөөдөр /2021.12.24/ зохион байгууллаа. Хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, дэд дарга Д.Мөнхбаатар, бусад холбогдох нэгжийн удирдлагууд, боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн дарга нар болон тус газрын нийт ажилтан, албан хаагчид танхимаар болон цахимаар оролцсон юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагын ажлын үр дүнг дүгнэж хэлэхдээ “ 2021 онд программ хангамжийн дэвшилтэт технологийг ашиглан цахим визийн систем, гадаадын иргэний бүртгэлийн аппликэйшн, цахим төлбөрийн “Гэрэгэ” киоск, QPay үйлчилгээ зэргийг шинээр нэвтрүүлж, бүх төрлийн визийн зөвшөөрлийн үйлчилгээг цахимжууллаа. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, илүү хялбар байдлаар хүргэх боломж бүрдсэнд баяртай байна.” хэмээн онцолж, цаашид илүү олон бүтээлч санаачлага гаргаж, албан хаагч бүр хариуцлагаа ухамсарлан ажиллахыг хүсэв.
Мөн энэ үеэр 2021 онд ажил үйлсээрээ хамт олноо манлайлан, эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан шилдэг хамт олон, алба хаагчдыг шалгарууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 14 дүгээр зарилгаар Хөдөлмөрийн хүндэт медалиар Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн дарга Д. Мягмаржав, 2021 оны байгууллагын “Хөдөлмөрийн аварга”-аар Зөрчил шалган шийдвэрлэх газрын зөрчил хариуцсан хяналтын улсын ахлах байцаагч Н. Дуламсүрэн, Агаарын замын боомт хариуцсан газрын ээлжийн ахлах мэргэжилтэн Г. Ганчимэг, Хангалт, үйлчилгээний хэлтсийн мужаан Т. Даваапунцаг нар, оны “Тэргүүний нэгж”-ээр Санхүүгийн хэлтэс тодров.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”, Хууль зүйн албаны Тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр 4 албан хаагч, Гадаадын иргэн, харьяатын газрын Нэгжийн “Тэргүүний албан хаагч”-аар 13 албан хаагч шалгарч, Гадаадын иргэн, харьяатын газрын “Жуух бичиг”-ээр 14 албан хаагч тус тус шагнагдлаа.
Мөн байгууллагын үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт мэдээллийн технологи, иргэдэд ээлтэй цахим үйлчилгээ нэвтрүүлэх, хөгжүүлэхэд өөрийн мэдлэг, ур чадвараа зориулан ажилсныг нь үнэлэн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ш.Алтантулгыг байгууллагын “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулав.
Алба хаагч та бүхэндээ ажлын амжилт хүсье!