Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа

 Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэбастиен Сүрүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  

Уулзалтаар хоёр орны иргэдийн харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, Франц Улсын Цагаачлалын байгууллагатай хамтын ажиллагааг бий болгох зэрэг өргөн хүрээний асуудлаар харилцан санал солилцсон юм.

Уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр “2021 оны жилийн эцсийн байдлаар Бүгд Найрамдах Франц Улсад Монгол Улсын 7000 гаруй иргэн оршин сууж байгаа бол Монгол Улсад Франц Улсын 108 иргэн оршин сууж байна. Монгол Улсад түр болон удаан хугацаагаар оршин сууж буй Франц иргэд зөрчилд холбогдох нь харьцангуй бага байдаг. Иргэдээ тогтмол мэдээллээр хангах асуудалд онцгойлон анхаарч, хамтарч ажилладагт талархаж буйгаа илэрхийлье” гэсэн юм.

Мөн Франц Улсын иргэд Монгол Улсын цахим виз болон олон улсын хилийн боомт дээр виз мэдүүлэх боломжтой болсныг уулзалтыг үеэр онцоллоо. Цар тахлын өмнө Франц Улсын 12 мянга орчим жуулчин Монгол Улсад зорчдог байсан байна. Тэгвэл тус улсын иргэд цахим виз болон олон улсын хилийн боомт дээр виз мэдүүлэх болсноор цаашид энэ тоо улам нэмэгдэх боломжтой юм.