Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан, өргөн барьсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2023 оны нэгдүгээр сарын 6-ны УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн, эцэслэн батлалаа. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Гадаадын иргэн, харьяатын газар нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага болж байна. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд төрийн захиргааны албан хаагчийн ангилалд хамаарч байсан одоогийн зохицуулалтыг өөрчилж, олон улсын ижил чиг үүргийн байгууллагуудын жишгийн дагуу төрийн тусгай албан хаагчийн ангилалд ийнхүү багтаж байна.
Энэхүү хууль хэрэгжсэнээр тус байгууллагын албан хаагчид цэргийн цол, тэмдэг хэрэглэхгүй бөгөөд иргэн төвтэй төрийн үйлчилгээг илүү нээлттэй, хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэх юм. Үүнээс гадна хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, ажлын байрны тогтвортой байдлыг хангахад чухал үр нөлөөтэй томоохон зохицуулалтуудыг тусгалаа.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2023 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.