Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, гэр бүлдээ зориулах цагийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлд зарцуулах цагийг багасгах зорилгоор төв байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн 03 дугаар сарын 01-ний өдрөөс Төв байгууллагын албан хаагчдын ажлын цагийн горимыг 08:15-16:00 цаг хүртэл ажиллахаар өөрчиллөө.
Түүнчлэн зайнаас ажиллах боломжтой зарим албан хаагчдыг технологийн шийдлийг ашиглан 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр албан хаагчдын гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах цаг нэмэгдэж, ажил, амьдралын тэнцвэрийг хангахаас гадна цахимаар ажилласнаар албан хаагчдын ажлын бүтээмж нэмэгдэх, технологийн ур чадвар, мэдлэг нэмэгдэх, цахим орчинд ажиллах зөв дадлыг хэвшүүлэх зэрэг эерэг нөлөөллийг бий болгох юм.
Мөн ийнхүү бусад байгууллагаас ялгаатай цагийн хуваарьт шилжиж, албан хаагчдыг цахимаар ажиллах боломжийг бүрдүүлснээр авто замын түгжрэлийг бууруулах ч чухал ач холбогдолтой.