Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

2024 онд 30 улсын 2084 иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаажээ

Ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг үндэслэлээр өнгөрөгч 2024 онд 30 улсын 2084 иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаав. Үүнд, БНХАУ-ын 1238, БНСУ-ын 486, БНУзУ-ын 167, БНАзУ-ын 47, БНКирУ-ын 42, бусад улсын 105 иргэн байна.

Тэгвэл оны эхний хоёр сарын байдлаар 12 улсын 211 иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаасан бөгөөд хил дээрээс буцаагдсан дээрх иргэдийн 148 нь БНХАУ, 24 нь БНСУ,  19 нь БНУзУ-ын иргэн байна.

Аялал жуулчлалыг дэмжих, Монгол Улсад зочлох жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор визийн нөхцөлийг хөнгөвчилж, цахим виз олголт нэмэгдэхийн хэрээр жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчил нэмэгдэж, хилээр дээрээс буцаагдсан иргэдийн тоо  сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байна.