Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагад өрнөж буй үйл явдлын талаарх тойм мэдээ

Филиппин Улс энэ оны 06 дугаар сараас “Digital Nomad Visa” нэвтрүүлж эхэллээ

Филиппин Улс 2025 оны зургаадугаар сард зайнаас ажиллах гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан “Digital Nomad Visa”-г албан ёсоор нэвтрүүлжээ. Энэ виз нь гадаадын байгууллагад зайнаас ажиллаж байгаа иргэдэд Филиппинд оршин суух боломж олгох юм.

Тус виз нь Филиппиний анхны, зайнаас ажилладаг гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан шинэ визийн ангилал бөгөөд үүгээрээ Филиппин Улс уян хатан, зайнаас ажиллах чиг хандлагатай, “хөдөлгөөнт” мэргэжилтнүүдийг өөрийн улсдаа татахаар чармайж буй бүс нутгийн бусад улс орнуудтай хөл зэрэгцэн алхаж буйг илтгэж байна.

Digital Nomad Visa-ийн хүчинтэй хугацаа 12 сар ба дахин энэ хугацаагаар сунгах бөгөөд тус визээр нийт хоёр хүртэл жил оршин суух боломжтой.

Уг визийн хүсэлт гаргагчид нь гадаадын байгууллагад зайнаас ажиллаж буйг баталсан хөдөлмөрийн гэрээ, санхүүгийн баталгаа, байрлах газрын хаяг, хоёр талын нислэгийн тасалбар зэрэг баримт бичгийг бүрдүүлэн цахим визийн системээр дамжуулан хүсэлтийг илгээнэ.

Визийн хүсэлтийг ойролцоогоор 4-6 долоо хоногийн хугацаанд хянан шалгах аж.

Эх сурвалж: www.china-briefing.com   

Бүгд Найрамдах Хятад Ард Улс визгүй нэвтрэх журмаа 2026 он хүртэл сунгав

Олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Хятад Улс визгүй нэвтрэх журмаа 2026 он хүртэл сунгасан байна.

Аялал жуулчлал, соёл, спортын арга хэмжээнд оролцох, гэр бүл, найз нөхдийндөө зочлох, дамжин өнгөрөх зорилгоор 46 улсын иргэд Хятад улсад 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой бөгөөд Швед улс 2025 оны 11 дүгээр сарын 10-аас энэ жагсаалтад нэмэгджээ.

Визгүй орсон тохиолдолд хөдөлмөр эрхлэхийг хатуу хориглоно.

Оросын Холбооны Улсын иргэдийн хувьд энгийн паспортоор 2025 оны 09 дүгээр сарын 15-наас 2026 оны 09 дүгээр сарын 14-ний хооронд 30 хүртэлх хоног тус улсад визгүй зорчиж болно.

Эх сурвалж: www.newlandchase.com

 

 

2025 оны эхний улиралд Европ руу чиглэсэн хууль бус хил нэвтрэлт 30%-иар буурчээ

Европын Холбооны Хил хамгаалах агентлаг Фронтексийн мэдээлснээр Европын хилийг хууль бусаар нэвтрэх оролдлого өнгөрсөн оны мөн үеэс 30%-иар багассан байна. Хүний эрхийн байгууллагуудын үзэж буйгаар энэ бууралт нь ЕХ-ны Ливи, Тунис зэрэг улс орнуудтай хамтран хэрэгжүүлж буй, хүний эрхийн зөрчил дагуулдаг цагаачдын урсгалыг сааруулах бодлоготой холбоотой аж.

Хамгийн огцом бууралт Балканы хойгийн маршрутад бүртгэгдэж, Албани, Серби, Монтенегро, Умард Македонийг дамжсан хууль бус нэвтрэлт 64%-иар буурсан байна. Их Британи руу чиглэсэн тохиолдол мөн 4%-иар багасчээ.

“Human Rights Watch”-ийн тайланд дурдсанаар цаг агаар, бүс нутгийн зөрчил зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг ч 2024 онд ажиглагдсан буурах чиг хандлага 2025 онд ч үргэлжилж байгаа аж.

Эх сурвалж: www.theguardian.com

Тайланд “Visa-Run” зорчигчдод тавих хяналтаа чангатгав

Тайландын Хаант Улсын Шилжилт хөдөлгөөний газраас “Visa-Run” буюу жилд 2 ба түүнээс дээш удаа Тайландын Хаант Улсад байх хугацаагаа дуусахаас өмнө хил залгаа Камбож, Мьянмар, Малайз зэрэг улс руу богино хугацаагаар нэвтэрч, улмаар Тайландын Хаант Улсад дахин 60 хоног визгүй зорчих эрх эдэлж буй гадаад улсын иргэдэд тавих хяналт, шалгалтыг чангатгаж, дараахь арга хэмжээг авахаар болов. Үүнд:

- Жилд 2 ба түүнээс дээш хугацаагаар зорчсон гадаад улсын иргэдийг тодорхой шалтгаангүйгээр буюу “Visa-Run” хийсэн тохиолдолд тус улсад хууль бусаар урт хугацаанд оршин суугч гэж үзээд, хил нэвтрүүлэхээс татгалзах, буцаах,

- Тайландын Хаант Улсад байх хугацаагаа хэтрүүлсэн гадаад улсын иргэдийг албадан нутаг буцаах, эдгээр болно.

Эх сурвалж: Монгол Улсаас Тайландын Хаант

Улсад суугаа Элчин сайдын яам