Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

“Холт Интернэйшнл” төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ

Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү АНУ-д төвтэй “Холт Интернэйшнл” төрийн бус байгууллагын Монгол Улс, БНСУ дахь төсөл, хөтөлбөрүүдийн захирал Пол Ким, Монгол Улс дахь Салбар төлөөлөгчийн газрын тэргүүн Н.Тунгалаг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2025.12.15) хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар гадаад үрчлэлт, үрчлэлтийн нөхцөл байдал, үрчлэлтийн дараах хяналт, үрчлэлттэй холбоотой Монгол Улсын хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 277 хүүхдийг 18 улсын гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлжээ. Үүнээс хамгийн олон буюу 157 хүүхдийг Америкийн Нэгдсэн Улсын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн бөгөөд тэдгээрийн 71 нь АНУ-д төвтэй “Холт Интернэйшнл” төрийн бус байгууллагаар зуучлуулан үрчлэгдсэн байна.

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагаар зуучлуулан Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдүүдийг эх оронтой нь танилцуулах аяллыг зохион байгуулахын зэрэгцээ хүүхдүүдийн амьдрал, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах уулзалтуудыг зохион байгуулж байна.

“Холт Интернэшнл” төрийн бус байгууллага нь 1956 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд гадаад үрчлэлт, халамж, хүүхэд хөгжил, хоол тэжээлийн чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг АНУ-д төвтэй олон улсын төрийн бус байгууллага юм.