Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст болон Канад Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас Монгол Улсыг хамааран суугаа Канадын Хилийн үйлчилгээний албаны Атташе Бэрри Эрвайн, Канадын Эзэн Хааны Морьт цагдаагийн албаны Атташе Жон Чой нарыг өнөөдөр (2026.03.04) хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Канад Улсын цагаачлалын бодлого нь оноонд суурилсан систем, хүртээмжтэй бөгөөд хүний эрхийг дээдэлсэн зарчим, эдийн засгийн үр өгөөжид чиглэсэн зохицуулалтаараа шилдэгт тооцогддог болохыг тэмдэглэсэн. Цаашид Канад Улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай туршлага солилцож, харилцан ашигтай, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл Гадаадын иргэн, харьяатын газарт 2022–2023 онд амжилттай хэрэгжиж, байгууллагын албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, чадавхийг дээшлүүлэхэд бодит үр дүн авчирсныг онцолсон юм.
Элчин сайд Стивен Даустын зүгээс хоёр орны түншлэлийг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа ижил чиг үүргийн байгууллагуудын албан ёсны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Монгол Улсад нийт 136 улсын 32,776 гадаадын иргэн оршин сууж байгаагаас Канад Улсын 99 иргэн байна.