Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагад өрнөж буй үйл явдлын тойм

Гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагад өрнөж буй үйл явдлын талаарх тойм мэдээг хүргэж байна.

Монголын иргэд АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэхдээ

$15,000 барьцаа байршуулна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа шинэ журам хэрэгжүүлж, нийт 50 улсын иргэдийг АНУ-ын виз мэдүүлэхдээ 15,000 ам.долларын барьцаа төлөхийг шаардахаар болжээ.

Уг жагсаалтад өмнө нь Африкийн 38 улс багтаж байсан бол шинээр Камбож, Этиоп, Гүрж, Гренада, Лесото, Маврикий, Монгол, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Сейшел, Тунис зэрэг 12 улсыг нэмж оруулсан байна.

Энэхүү журам нь бизнес болон аяллын (B1, B2) виз мэдүүлэгчдэд хамаарах бөгөөд 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Гол зорилго нь визийн хугацаа хэтрүүлэн АНУ-д үлдэх тохиолдлыг бууруулах юм.

Хэрэв виз авсан хүн хугацаандаа эх орондоо буцвал, эсвэл анхнаасаа аялал хийгээгүй бол барьцаа мөнгийг буцаан олгоно.

Уг шийдвэрийн талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам "2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болно. Визийн ярилцлагын үеэр консул тухайн виз мэдүүлэгч визийн шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэгдэж барьцааг хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгнө.

Виз мэдүүлэгчид гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх мөн консулаас албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг анхаарна уу. Барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол Улсын иргэдэд B1/B2 ангиллын виз олгох боломжгүй. Энэ шаардлага нь визийг хаанаас мэдүүлж байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр үйлчилнэ" хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: https://www.businessday.co.za/world/americas

Австрали Улсад зорчих зарим улсын иргэдийн визийг

түр хугацаанд түдгэлзүүлнэ

Ойрхи Дорнод дахь дайны улмаас Австрали руу зорчих зарим улсын иргэдийг тодорхой хугацаанд хил нэвтрүүлэхгүй байх талаар Австралийн Холбооны Улсын  Шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Тус Улсын Иргэншлийн асуудал эрхэлсэн дэд сайд Жулиан Хилл дайн эхэлснээс ердөө 10 хоногийн дараа хуулийн төслийг Парламентэд өргөн барьж, 2026 оны 03 дугаар сарын 14-ний өдөр баталсан байна.

Тэрээр “Уг нэмэлт, өөрчлөлт нь Австралийн цагаачлалын тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэж байна” хэмээн, дайны нөхцөл байдалд Засгийн газраас зохих хариу арга хэмжээ авах, Австралид зорчих зарим улсын иргэдэд түр хугацааны хязгаарлалт тогтоох нь чухал талаар онцлов.

Уг хуульд хязгаарлалт тавих улс орнуудын нэрсийг дурдаагүй хэдий ч аялах, хөдөлмөр эрхлэх, суралцах зорилгоор түр ирэгчийн виз авсан иргэдийг 06 сар хүртэлх хугацаанд хил нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэхүү хууль хүчинтэй болох цагаас өмнө Австралид оршин сууж байсан гадаадын иргэдэд хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд тухайн иргэний төрсөн хүүхэд, эсвэл ойрын гэр бүлийн гишүүн нь Австралийн иргэн байх тохиолдолд уг хязгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой. 

Эх сурвалж: https://www.abc.net.au/news

Европын Парламентын хороо хууль бус цагаачдыг

буцаахтай холбогдуулан шинэ журам батална

 

Европын Парламентын нөлөө бүхий Иргэний эрх, хууль зүй ба дотоод хэргийн хороо 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Францын Страсбург хотноо оройн ээлжит бус хуралдаан зохион байгуулж, хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг Шенгений бүсээс гаргах бодлогыг шинэчлэх тухай хэлэлцлээ.

Тус хуралдаанаар ЕХ-ны гишүүн орнууд, тэр дундаа Герман Улсад хууль бусаар оршин сууж байгаа гуравдагч улсын иргэдийг хурдан хугацаанд нутаг буцаахад дэмжлэг үзүүлэх шинэ журмыг батлахаар шийдвэрлэв.

Уг журам нь орогнол хүсэгчдийн мэдүүлсэн хүсэлтийг Шенгений аль нэг улс татгалзсан тохиолдолд давж заалдах хугацааг богиносгож, тухайн иргэдийг “Буцаах шийдвэр” гаргах бөгөөд энэхүү зохицуулалт нь Шенгений бүсийн бүх улсад хүчинтэй байх юм.

Өнгөрсөн оны байдлаар Герман Улсад 55,000 гаруй албадан гаргах шийдвэр огт хэрэгжээгүй бөгөөд уг шинэ журам батлагдсанаар Шенгений аль ч гишүүн улсын цагдаагийн алба Герман Улсын албадан гаргах шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтой болсон байна. Ингэснээр орогнол хүсэгчид болон хууль бусаар оршин сууж буй иргэд Шенгений бусад улс руу оргон зайлах эрсдэл буурах давуу талтай.

Эх сурвалж: https://www.visahq.com/news

Европын Холбооны Зөвлөл “Шилжилт хөдөлгөөн, орогнолын тухай

шинэ пакт”-ыг баталлаа

ЕХ-ны Зөвлөл “Шилжилт хөдөлгөөн, орогнолын тухай пакт”-ыг баталж, 2020 оноос хойш үргэлжилсэн хууль тогтоох үйл явцыг эцэслэлээ.

Энэхүү пакт нь ЕХ-ны гишүүн орнуудын дунд үр ашигтай, тэнцвэртэй байдлыг бий болгох замаар цагаачлал, шилжилт хөдөлгөөний тогтолцоог шинэчлэх зорилготой бөгөөд 2026 оны 06 дугаар сараас эхлэн хэрэгжих юм.

Пактад ЕХ-ны гишүүн орнууд шилжилт хөдөлгөөний талбарт үүсэж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, хариуцлагыг хуваалцах үүргийг тусгаж, орогнол хүсэгчдийг шалгах, хүсэлт шийдвэрлэх үйл явцыг шуурхай зохион байгуулах, хууль бус цагаачдыг түргэвчилсэн журмаар албадан гаргах боломжийг нэмэгдүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тус тус заасан байна.

Үүний зэрэгцээ “Аюулгүй гуравдагч улс” ойлголтыг өргөжүүлж, тодорхой нөхцөлд цагаачдыг ЕХ-ны гаднах улс руу шилжүүлэх боломжийг судалж байгаа бөгөөд хууль бус шилжилт хөдөлгөөнийг бууруулах зорилгоор дамжин өнгөрөх орнуудтай түншлэлийг бэхжүүлэхэд түлхүү анхаарч байна.

Тус пактад цагаачдыг хүлээн авах нөхцөлийг сайжруулах, хүний эрхийг хамгаалах заалтуудыг тусгасан хэдий ч орогнол хүсэгчдийг албадан гаргах чиглэлд голлон төвлөрч буй явдал нь АНУ-ын адилаар асуудал дагуулах эрсдэлтэй хэмээн  шүүмжлэгчдийн зүгээс үзэж байна.

Эх сурвалж: https://ind.nl/en/about-us/background-articles

Японы Засгийн газар байнгын оршин суух

зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэ

Япон Улсын Засгийн газар 2027 оны 04 дүгээр сараас эхлэн гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуурыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг эцэслэн баталжээ.

Уг төлөвлөгөөнд байнгын оршин суух эрх авах гадаадын иргэн Япон Улсын хамгийн урт буюу одоогийн байдлаар 5 жилийн хугацаатай виз эзэмшиж байх чухал шаардлагыг тусгасан байна.

Тус улсын Цагаачлалын албаны мэдээлснээр 2012 оноос өмнө хамгийн уртдаа 3 жилийн хугацаагаар оршин суух үнэмлэх олгодог байсан бол гадаад оршин суугчдын талаар баримтлах бодлогыг шинэчлэх хүрээнд оршин суух хугацааг 5 жил болгон нэмэгдүүлж, 02 дугаар сарын 24-нд холбогдох удирдамжийг шинэчилсэн байна.

Хэрэв Японы аж ахуйн нэгж гадаадын ажилтнуудад, тэр дундаа тусгай ур чадвартай ажилчдад цалин олгохгүй байх, дарамтлах зэрэг хүний эрхийн зөрчил гаргасан тохиолдолд тухайн байгууллагад 5 хүртэлх жилийн хугацаанд гадаадын тусгай ажилтан авахыг хориглоно.

Үүнтэй холбогдуулан 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн энэ төрлийн визтэй гадаадын иргэдийг зуучлан ажиллуулах байгууллагууд гадаад ажилчдын визийн ангилал, хувь хүний чадавхыг баталгаажуулсан амлалт, баталгааны хуудсыг зайлшгүй ирүүлэх шаардлагатай болж байна.

Эх сурвалж: https://japannews.yomiuri.co.jp/