Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөн, эрх зүйн статус: Бодлогын шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Хурлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Н.Жамъянхүү нар нээж, үг хэлэв.
Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо, тулгамдсан асуудлыг судалж, хууль эрх зүй болон бодлогын оновчтой шийдэл боловсруулах зорилготой уг хуралд салбар бүрийн судлаачид оролцож, судалгаа, илтгэлээ танилцууллаа.
Тухайлбал, ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн төвийн дарга Б.Содбилэг “Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Тамир “Гадаадын иргэдийн эрх зүйн байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт, шийдвэрлэх арга зам”, Монгол Улсын Их сургуулийн дэд профессор Н.Алтантөгс “Гадаадын ажиллах хүчнийг ашигласан түүхэн туршлага, сургамж (1921–1990)”, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга Б.Алимаа “Гадаадын ажиллах хүчний өнөөгийн байдал, бодлогын зохицуулалт”, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын референт И.Мөнхбаяр “Гадаадын иргэдийн эрхийн хамгаалалт, тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.
Хуралд 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, илтгэлүүдтэй холбоотой санал, дүгнэлтээ хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн цаашид төрийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллах нь чухал болохыг тэмдэглэв.
2026.04.15