Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2026 оны 04 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Гурван өдөр үргэлжилсэн тус өдөрлөгийн үеэр Гадаадын иргэн, харьяатын газар байгууллагын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа, цахим шинэчлэлийн талаар иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч ажиллав.
Өдөрлөгийн хүрээнд төв талбайд нийт 198 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 40 гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хэвлэн олголоо. Иргэдийн авч буй зөвлөгөө, мэдээллийн дийлэнх хувийг виз мэдүүлэх, оршин суух зөвшөөрөл авах, гадаадын иргэний бүртгэл, Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн хяналт, шалгалттай холбоотой асуудлууд эзэлж байна.
Монгол Улсад 136 улсын 34 мянга гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байгаагаас 50.3 хувь нь хөдөлмөр эрхлэх, 16.8 хувь нь хөрөнгө оруулах, 13.6 хувь нь суралцах зорилгоор оршин сууж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Монгол Улсад оршин сууж болох гадаадын иргэдийн дээд хязгаар нь нийт хүн амын 3 хувь (ойролцоогоор 105 мянга) бөгөөд үүнээс нэг улсын иргэн 1 хувь (ойролцоогоор 35 мянга) хүртэл байхаар зохицуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо нь нийт хүн амын 0.98 хувь, нэг улсын иргэд 0.58 хувийг тус тус эзэлж байна.
Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнд үзүүлэх виз, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, албан, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах, гэр бүлийн зэрэг бүх ангиллын визийг цахимаар олгож эхэлснээр өдөрт дунджаар 1000 гаруй хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэж байна.
Түүнчлэн зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд хиймэл оюун (AI)-ыг нэвтрүүлж, бүх улсын хэл дээр мэдээлэл өгөх боломжтой чатботыг үйлчилгээнд ашиглаж эхэлсэн. Ингэснээр иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран 24 цагийн турш (24/7) шаардлагатай мэдээллээ шуурхай авах боломж бүрдсэн.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Гадаадын иргэн, харьяатын газрын хилийн боомт, орон нутаг дахь 7 нэгж нэгдсэн байдлаар зохион байгуулж, нийтдээ 300 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 40 орчим иргэнд үйлчилгээ үзүүлэв.