Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газрын дэд дарга Чью Баоли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Ганбаатар, Виз, зөвшөөрлийн газрын дарга Г.Билэгт, Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Г.Ганзаяа, Гадаад харилцаа, судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Билгүүн болон БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газрын Гадаад харилцааны газрын дарга Чэн Юнли, Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Лю Нин, Иргэний харьяаллын газрын дэд дарга Чью Янмин, Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга Ван Зижиа нар оролцов.
Уулзалтын үеэр талууд Монгол-Хятадын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд шилжилт хөдөлгөөний салбар дахь хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хилийн боомтуудын уялдаа холбоог бэхжүүлэх, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр санал солилцлоо.
Мөн хоёр орны ижил чиг үүргийн байгууллагууд олон жилийн турш нягт, найрсаг хамтран ажиллаж ирснийг онцолж, цаашид хил дамнасан гэмт хэрэг, хууль бус шилжилт хөдөлгөөн, хуурамч баримт бичиг ашиглахаас урьдчилан сэргийлэх, боомтын аюулгүй байдлыг хангах, шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцсан юм.
Түүнчлэн хоёр улсын иргэдийн зорчих аюулгүй байдлыг хангах, зөрчил, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор баталгаатай эх сурвалжийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газар нь тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа байгууллага бөгөөд хилээр нэвтрэх, гарах хөдөлгөөнд хяналт тавих, хилийн бүсийн удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлэх, гадаадын иргэний оршин суух асуудал, иргэдийн гадаадад зорчих баримт бичиг болон цагаачлалын үйлчилгээний бодлого зохицуулалтыг хариуцан ажилладаг чиг үүрэгтэй байгууллага юм.