Төрийн албаны өдрийг тохиолдуулан Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолыг өнөөдөр (2026.07.03) зохион байгууллаа. Тодруулбал, Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн тусгай гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн Мэдээллийн технологийн хэлтэс, Дорноговь аймаг дахь газар, Хойд бүс дэх газрын нийт таван албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөв.
Ёслолын ажиллагаанд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх оролцож, тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэн, төрийн албан хаагчийн тангарагтаа үнэнч байж, хууль тогтоомжийг чанд мөрдөн, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг онцолж, ажлын өндөр амжилт хүслээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан монгол төрийн залгамж чанарыг хадгалан бэхжүүлэх, төрийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 3-ны өдрийг “Төрийн албаны өдөр” болгон зарласан. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 82 дугаар зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу тангараг өргөх ёслолыг ийнхүү зохион байгуулав.