Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 97.5 хувьтай байна

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн есдүгээр сард байгууллагын төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжид нийт 87 өргөдөл, гомдол хүлээн авч, 100 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ. Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс 6 гомдол, 4 хүсэлт шилжүүлснийг хүлээн авч, тухай бүр шуурхай арга хэмжээ авч ажиллав. Хүлээн авсан нийт өргөдлийг агуулгаар нь авч үзвэл төлбөрийн буцаалт, ангилал өөрчлөх, оршин суух зөвшөөрөл авах, сунгах тухай өргөдөл дийлэнх хувийг эзэлж байна.

Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 97.5 хувьтай, хяналтад буюу шийдвэрлэх шатанд 19 өргөдөл байна.

Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгах, саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан шийдвэрлэх боломжтой.

Түүнчлэн өргөдөл, гомдлыг дараах тохиолдолд хянан үзэхгүй байх, буцаах үндэслэлтэй. Үүнд:
1. Тодорхой нэр, хаяггүй
2. Бага насны хүн болон шүүхийн шийдвэрээр эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд өргөдөл, гомдлоо эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй
3. Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан
4. Тухайн иргэн өмнө нь төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж байсан асуудлаар дахин өргөдөл, гомдол гаргасан бөгөөд уг асуудлыг дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй тохиолдол хамаарна.

Иймд өргөдөл, гомдол гаргахдаа дээрх шаардлагыг анхаарч, нэр, холбоо барих хаяг болон шаардлагатай мэдээллээ бүрэн, тодорхой тусгаж, гарын үсгээр баталгаажуулж ирүүлэхийг анхаарна уу.