Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойг тохиолдуулан Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.
Энэ удаад төрийн тусгай албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалтад тэнцсэн Хойд бүс дэх газар болон Зүүн бүс дэх газрын нийт дөрвөн албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг дээдлэн сахиж, төр, ард түмэндээ үнэнчээр зүтгэхээ батламжилсан юм.
Тангараг өргөх ёслолыг Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл болон Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу ийнхүү зохион байгууллаа. Тангараг өргөсөн албан хаагчдадаа ажлын амжилт хүсэж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн, мэдлэг чадвар, ёс зүй, хариуцлагаараа үлгэрлэн ажиллахыг хүсье.