Эхлэл     Түгээмэл асуулт хариулт

Түгээмэл асуулт хариулт
1Виз мэдүүлэх үү, визийн зөвшөөрөл мэдүүлэх үү?
Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэнд виз олгох/авах урилгын шинж чанартай баримт бичиг юм. Уг зөвшөөрлийн дагуу Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газраас эсвэл орж ирэх хилийн боомт дээрээс визээ даруулдаг (паспорт дээрээ наалгадаг). Гадаадын иргэнийг урихдаа “визийн зөвшөөрөл” мэдүүлэх бөгөөд уригч нь 1 иргэний 2500-5000 төгрөг төлнө. “Виз” гэж Монгол Улсын хилээр нэвтрэх, Монгол Улсад тодорхой хугацаанд байх зөвшөөрлийг хэлнэ. Уламжлалт наалтан хэлбэрийн визээс гадна цахим хэлбэрийн виз гэж байдаг. Наалтан хэлбэрийн виз авахдаа гадаадын иргэн нь визийн зөвшөөрөл буюу урилгаа барьж очоод ЭСЯ, КГ-аас (эсвэл орж ирэхдээ хилийн боомт дээрээс) визээ наалгаж авдаг бол цахим хэлбэрийн визийг паспорт дээр наалгах буюу визэнд орох, виз наалгах цаг зарцуулах шаардлагагүй. Уригч шууд виз мэдүүлснээр хэрэв олгогдсон тохиолдолд QR кодоор баталгаажсан цахим хэлбэрийн визийн файлыг татаж аваад уригдагч гадаадын иргэнд илгээнэ. Гадаадын иргэн уг цахим визийг хэвлэж аваад (эсвэл дижитал хэлбэрээр утсан дээрээ хадгалах) хүчин төгөлдөр паспортын хамтаар биедээ авч явна гэсэн үг. Шууд виз мэдүүлэх тохиолдолд уригч визийн үндсэн хураамж буюу 45-95 доллар (визийн төрлөөсөө хамаарч хураамж өөр өөр)-ыг төлнө гэсэн үг.
2Визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа хэд хоног вэ?
Визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 60 хоног бөгөөд уг хугацаанд холбогдох Элчин сайдын яам, консулын газар, эсвэл зөвшөөрөлд заагдсан хилийн боомт дээрээс визээ авах боломжтой.
3Визийн хүчинтэй хугацаа гэдгийг тайлбарлаж өгнө үү? "Орох" визийн хүчинтэй хугацаанд Монгол Улсад орж ирж чадахгүй нөхцөл байдал үүссэн бол визийн хугацааг сунгах боломжтой юу?
Визийн хүчинтэй хугацаа гэдэгт орох, дамжин өнгөрөх бүх төрлийн виз олгосон өдрөөс Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэлх хугацааг ойлгоно. Өөрөөр хэлбэл визийн хүчинтэй хугацааны дотор уг визээ ашиглан хилээр нэвтрэх боломжтой гэсэн үг. Визийн хуудсан дээр хүчинтэй хугацааг “Enter before……” гэж тэмдэглэсэн байдаг. Нэг болон хоёр удаагийн орох виз нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэл 150 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Визийн хүчинтэй хугацааг сунгах боломжгүй. Хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд дахин шинээр визийн зөвшөөрөл/виз мэдүүлнэ.
4Хамаарал бүхий этгээд гэдэгт хэнийг ойлгох вэ?
Тухайн иргэний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, хүүхдийг “хамаарал бүхий этгээд” гэж ойлгоно. Эрх бүхий байгууллагаас олгосон хамтран амьдрагч гэдгийг нотлох гэрчилгээтэй байна.
5Хаягийн баталгаажуулалт гэж юу вэ?
Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн гадаадын иргэнийг ямар хаяган дээр ирэхийг баталгаажуулж буй хаягийн баталгаажуулалтын баримт бичгийг дараах хэлбэрээр бүрдүүлнэ. • Монгол Улсад байрлах зочид буудал, амралт, кемп, дэн буудлын захиалгын баталгаажуулалтын хуудас, төлбөр төлсөн баримт; • Орон байраар хангаж буй иргэний хувьд баталгаажуулалтын захидал, иргэний үнэмлэхийн хуулбар /гадаадын иргэний хувьд паспортын хуулбар/, захидалд, дурдагдсан хаягийн нотлох баримт бичиг /үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түрээсийн гэрээ/; • Аялал жуулчлалын байгууллагаас үйлчилгээ үзүүлж байгаа бол аяллын маршрут, буудаллах болон отоглох цэгийн хаяг, байршлын мэдээллийг албан бичгээр; • Хөдөө орон нутагт ажиллах зорилгоор ирэх гадаадын иргэний хувьд уригч байгууллагаас уригдагч иргэний байрлах хаягийн дэлгэрэнгүй, ажилчдын байр, кемпийн байршил, гэр контейнерын дугаар зэрэг мэдээллийг албан бичигт дурдаж ирүүлэх Дээрх шаардлагыг хангаагүй хүсэлт ирүүлэх, хуурамч хаягийн бүртгэл ашиглах нь виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзах, олгосон визийг цуцлах үндэслэл болохыг анхаарна уу.
6Гадаад иргэнийг бүртгүүлэх
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24.4. Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлэх /тухайн хаяг дээр очсоны дараа 48 цагийн дотор/ бөгөөд бүртгэлийг цахимаар хийнэ. A. Бүртгүүлэхийн тулд Гадаадын иргэн, харьяатын газрын цахим үйлчилгээний www.isf.mn/mn/service/foreign-address-register-service сайт руу орох
7Түр ирэгчийн байх хугацааг өмнө нь сунгуулж байсан гадаадын иргэн дахин сунгалт хийлгэж болох уу?
Түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргаж болно.
8Оршин суух зөвшөөрлөө хэзээ мэдүүлэх вэ?
Оршин суух зөвшөөрлийг Монгол Улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хуанлийн 21 хоногийн дотор мэдүүлнэ. Үндсэн бичиг баримтын бүрдлийг хангаж ирүүлсэн байна. Жишээ нь: Хөрөнгө оруулагч ангилалын визээр орж ирсэн гадаадын иргэнд Хөрөнгө оруулалт, худалдааны газраас тодорхойлолт авсан байх, хөдөлмөр эрхлэгч ангилалаар виз авч орж ирсэн гадаадын иргэнд Хөдөлмөр халамжийн, үйлчилгээний ерөнхий газраас авсан зөвшөөрөл буюу хөдөлмөр эрхлэх хугацаа заасан тодорхойлолт авсан байх шаардлагатай. Дээрх 2 тодорхойлолтгүйгээр илгээсэн хүсэлтийг хүлээн авахгүй.
9Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн олон удаагийн виз авах шаардлагатай юу?
Шаардлагагүй. Монгол Улсад удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлийн хугацаанд визгүйгээр хилээр нэвтэрнэ. Хил нэвтрэхдээ оршин суух үнэмлэхээ биедээ авч явна.
10Хөдөлмөр эрхлэгчийн хэлбэрээс гүйцэтгэх захирал (В2) хэлбэрт шилжиж болох уу?
Боломжгүй. Хөдөлмөр эрхлэгч оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний хэлбэрийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч хэлбэр төрлөөс бусад хэлбэр, төрөлд шилжүүлэхгүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэн Монгол Улсаас гаралгүйгээр зөвхөн В1 хэлбэр рүү л шилжих боломжтой.
11Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл мэдүүлээд оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр нь гарсан ч үнэмлэх хэвлэгдээгүй үед хилээр гарч болох уу?
Болохгүй. Оршин суух үнэмлэх нь гарах визтэй адил үйлчилдэг тул оршин суух үнэмлэхээ биедээ авч яваагүй тохиолдолд хилээр гарч чадахгүй. Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний хувьд оршин суух үнэмлэхээрээ, эсвэл “....хүртэл/until” гэсэн хасалтын тэмдгээр л зөвхөн хилээр гарах боломжтой.
12Танайхаас авах баримт бичгээ хүргэлтээр авах боломжтой юу?
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд “Чамдаа”ХХК-ийн шуудан хүргэлтийн үйлчилгээ ашиглан гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр авах болон сунгалт хийлгэсэн бол оршин суух үнэмлэхийг Улаанбаатар хот дотор хүргүүлэх боломжтой. (хүсэлт гаргах үедээ хүргэлтийн үйлчилгээг сонгосон тохиолдолд)
13Хасалтын тодорхойлолт хэрхэн авах вэ?
Байгууллага бол албан хүсэлт, хувь хүн өргөдөл, тодорхойлуулах гадаадын иргэний паспортын хуулбар, Голомт банкны 1320000052 тоот дансанд 1 хүний 2500 төг (энгийн үйлчилгээ ажлын 5 хоног), яаралтай үйлчилгээ авах бол 1 хүний 5000 төг (ажлын 3 хоног) төлсөн баримт зэргийг бүрдүүлэн visasection@immigration.gov.mn сайтаар хүсэлтээ илгээнэ.
14Гадаадын иргэн хилээр гарсан тодорхойлолтыг хаанаас авах вэ?
Хил нэвтрэлттэй холбоотой асуудлаар Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх газарт хандана.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :

Зөвлөгөө мэдээллийн хэлтэс

Холбоо барих утас: 1800-1882