Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

“Монгол Улсын цагаачлалын салбарын цахим шилжилт” сэдэвт уулзалт зохион байгууллаа

Гадаадын иргэн, харьяатын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Монгол Улсын цагаачлалын салбарын цахим шилжилт” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр /2024. 10. 03/ зохион байгууллаа.

          Уг уулзалтаар Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний цахим шилжилт, түүний үр дүн, мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, гадаадын иргэн болон уригчдад тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй хэлэлцлээ.  Уулзалтад Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Азийн хөгжийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Өнөржаргал болон гадаад улсаас Монгол Улсад суугаа 14 улсын Элчин сайдын яамдын төлөөлөл, бусад олон улсын байгууллага, уригч байгууллагуудын төлөөлөл оролцов.  

            Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Гадаадын иргэнд үзүүлж буй визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, энэ оны байдлаар 360 гаруй мянган үйлчилгээг цахимаар үзүүлээд байна. Ингэснээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээ авах боломж бүрдсэн төдийгүй өдөрт биеэр ирж үйлчлүүлдэг иргэдийн тоо буурч, цахимаар хүлээн авах хүсэлтийн тоо нэмэгдсээр байна. 2001 оноос жуулчин, соёл урлаг, спортын арга хэмжээнд оролцох, дамжин өнгөрөх зэрэг дөрвөн төрлийн ангиллын визийг цахимаар олгож эхлээд гурав дахь жилдээ болж байна. Жишээ нь. Өнгөрсөн 2023 онд 31 мянга гаруй цахим виз олгосон бол энэ оны аравдугаар сарын байдлаар 76 мянган цахим виз олгосон нь өнгөрсөн оныхоос 2.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ нь Монгол Улсыг зорих гадаад иргэдийн тоо нэмэгдсэнийг харуулж байна. Мөн Засгийн газрын 2024 оны 107-р тогтоолоор виз олгох журамд өөрчлөлт оруулж, нэмэлтээр 54 ангиллын визийг цахимаар олгох эрхзүйн орчин энэ оны хавар бүрдсэн. Уг ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яамны дэмжлэг, Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл"-ийн санхүүжилтээр бодит ажил хэрэг болгон, өнгөрөгч есдүгээр сараас манай байгууллагын олгодог бүх ангиллын виз цахимжсан” хэмээн онцоллоо.

            Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд мөн нээлтэд оролцож үг хэлэв. Тэрбээр “Монгол Улсад визийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлдэг хоёр газар байдаг. ГХЯ, Гадаадын иргэн харьяатын газар. Энэ ч үүднээсээ олон жилийн турш нягт харилцаатай хамтран ажиллаж, олон чухал ажил хийж хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оны Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хоногийн хугацаатай ирдэг гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг манай хоёр байгууллага хамтран судалж гаргасан. Үүний үр дүнд 2022 онд 290 мянга орчим гадны жуулчин манай улсад ирж байсан нь 2023 онд 590 мянга, энэ оны эхний арван сарын байдлаар 600 мянга орчим болж нэмэгдээд байна” гэлээ.

            МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Монгол Улс цахим засаглалыг бэхжүүлэх чиглэлд сүүлийн жилүүдэд идэвхтэй ажилласан. Энэ үйл ажиллагаа олон улсын хэмжээнд үнэлэгдэж, Монгол Улс цахим засаглалынхаа үзүүлэлтээр дэлхийн 193 улсаас 46-р байрт орсон үзүүлэлт, үнэлгээ 2024 онд гарсан байна. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 28 байр дээшилсэн. Олон улсын мэргэжилтнүүд үүнийг үр дүнтэй байна гэж дүгнэж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд цахим засаглалаараа тодорхой бодит ажлууд хийж байгаа улсуудын нэг гэж үнэлгээ өгсөн байна. Цахим засаглал шилжилтийг үр дүнд хүргэхэд олон улсын донор байгууллагуудын оролцоо маш чухал. Монгол Улсад хийж байгаа маш олон төслүүдийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж дэмжиж ирсэн юм.” гэв.

          Түүнчлэн уулзалтад зөвлөгөөнд оролцогчдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгөв. Мөн тэдний дэвшүүлсэн санал, асуудлыг нэгтгэн, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлсэн юм.