Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Аялал, жуулчлалын салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний цахим шилжилттэй холбоотой шинэ мэдээ мэдээлэл хүргэх, гадаадын иргэн, түүнийг уригч байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг сонсох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор аялал, жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзах уулзалтыг өнөөдөр /2024. 11. 13/ зохион байгууллаа.

Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр,Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, бусад холбогдох албан тушаалтнууд болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагын төлөөллүүд оролцов.

Уулзалтаар жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааны цахим шилжилт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, уулзалтад оролцогчдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгөв.

Уулзалтын үеэр Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэнийг 2023-2025 оныг дуустал визийн шаардлагаас түр чөлөөлсөн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр үргэлжлэх эсэх, гадаадын иргэний бүртгэл, хяналтыг сайжруулах, мөн Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэдээллийн төвүүдээр дамжуулан гадаадын иргэн, уригчдад мэдээлэл хүргэх чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлуудыг ярилцсан юм.

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 онд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд 2021 оноос хойш 700 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, Энэ оны эхний 10 сарын байдлаар цахим визийн evisa.mn cистемээр жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг дөрвөн ангиллын визийг гадаадын 84744 иргэнд олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.