Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 82 дугаар зарлигаар шинэчлэн баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу “Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр”-ийг тохиолдуулан 21 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолын ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр нээв. Тэрээр  төрийн тусгай албан тушаалд анх томилогдсон нийт албан хаагчдад өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлагатай гүйцэтгэж, бусдыгаа үлгэрлэн манлайлагч, ёс зүйтэй, шилдэг тэргүүний албан хаагчид болохыг хүсэж, ажлын амжилт хүссэн юм.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн үйлчилгээний албан тушаалаас төрийн тусгай албан тушаалын ангилал, зэрэглэлд шилжиж, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан тусгай шалгалтад тэнцсэн 15, салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцсэн 6, нийт төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжийн 21 албан хаагчийг оролцуулж, төв байгууллагад нэгдсэн байдлаар ёслолын ажиллагааг зохион байгуулж байгаагаараа онцлог боллоо. 

Түүнчлэн тангараг өргөх ёслол нь Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 304 дүгээр тогтоолоор баталж, 09 дүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөж эхэлсэн “Тангаргийн хуудас”-ны загварын дагуу хэвлүүлсэн хуудсаар анх удаа тангараг өргүүлж байна.