Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

          Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын төлөөллийг 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгууллагын үйл ажиллагааны цахимжилт, цахим виз олголтын үйл ажиллагааг танилцуулж, хилийн боомтод “жуулчин” ангиллын виз олгох, гадаадын иргэний бүртгэлийг хялбарчлах, боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

          Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т “Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг Гадаадын иргэн, харьяатын байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг цахимаар хийж болно” гэж заасан. Энэ нь зөвхөн гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан зохицуулалт бөгөөд уг бүртгэлийг боловсронгуй болгосноор жуулчдын аяллын маршрут бодитой гарах, маршрутын дагуу жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүс байгуулах бодлогыг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

          Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү, Виз, зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул, Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Э.Ганзориг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болормаа болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцов.