Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагад өрнөж буй үйл явдлын тойм

Болгар, Румын улсууд Шенгений бүсэд албан ёсоор нэгдлээ

Шинэ оны эхний өдрөөс эхлэн Болгар, Румын улсууд Шенгений бүсийн бүрэн эрхт гишүүн болж байна. Тодруулбал, Шенгений хэлэлцээрт оролцогч бусад улстай залгаа тус хоёр улсын хуурай замын хилийн дагуу хийж буй хяналт шалгалт өнөөдрөөс зогсож байгаа юм.

Шенгений бүсэд нэгдсэн улсуудын тоо 29 болж  байна. Үүнд  Кипр, Ирландаас бусад Европын Холбооны гишүүн улсууд болон Швейцар, Норвеги, Исланд, Лихтенштейн улсууд багтана.

Эх сурвалж: Deutsche Welle

 

Япон Улс паспортынхоо зурагтай хуудсыг хуванцар материалтай болгоно

Япон Улс хуурамч бичиг баримтаас урьдчилан сэргийлэх зорилгоор паспортынхоо зурагтай хуудсыг чип бүхий хуванцар материалтай болгожээ. Хуванцар хуудсыг хазайлгаж харахад интоорын цэцэг болон тогорууны дүрс тодорч харагддаг нууцлалтай болжээ.

 Энэ оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн захиалагдах шинэ паспортууд ийм загвартай хэвлэгдэх юм байна.

Эх сурвалж: Kyodo News

 

Бүгд Найрамдах Солонгос Улс  2025 оны E-9 төрлийн визийн квотыг танилцуулав

Бүгд Найрамдах Солонгос Улс 2025 онд E-9 төрлийн визээр 130,000 гадаад ажилчин хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь 2024 онд 165,000 байсан квотыг 21 хувиар бууруулсан тоо хэмжээ юм. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас энэхүү бууралт нь эдийн засгийн асуудлууд болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тэнцвэржүүлэх шаардлага үүссэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна.

Визийн хуваарилалтын хувьд үйлдвэрлэлийн салбарт хамгийн их буюу 72,000, хөдөө аж ахуй болон сүүний үйлдвэрлэлийн салбарт 10,000, загас агнуурын салбарт 8,500, үйлчилгээний салбарт 3,000, завь үйлдвэрлэлийн салбарт 2,500, барилгын салбарт  2,000 ажилтны виз,  нэмэлтээр гэнэтийн эрэлттэй салбаруудад зориулан 32,000 визийн нөөцийг тусгайлан хадгалсан  байна.

Бүгд Найрамдах Солонгос Улс E-9 визийн хөтөлбөрийг  2004 оноос эхлүүлсэн бөгөөд “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”(EPS)-ны гол визийн төрөл юм.

Эх сурвалж: www.visaverge.com