Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

“Монгол Улс дахь гадаад иргэдийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийн эрх зүйн зохицуулалт, төрийн байгууллагуудын бүртгэлийн тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг бодлогын түвшинд тодорхойлох зорилготой “Монгол Улс дахь гадаад иргэдийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2025.04.30) анх удаа зохион байгууллаа.

Тус хурлыг Гадаадын иргэн, харьяатын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагуудын төлөөллүүд нийт 7 илтгэл танилцуулж, гадаадын иргэдтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, олон улсын туршлага, бүртгэлийн тогтолцоо, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах чиглэлээрх судалгааны үр дүнгээс хуваалцсан юм.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар оролцов. Тэрбээр “Гадаадын иргэний асуудал нь дан ганц Гадаадын иргэн, харьяатын газарт харьяалагдахгүй, нийгмийн олон салбарт хамаарах асуудал. Одоогоор виз, оршин суух зөвшөөрөл авахад үйлчилгээ үзүүлдэг 8 төрийн байгууллага байна. Түүнчлэн гадаадын иргэдтэй холбоотой эрх зүйн зохицуулалт нь олон хууль тогтоомжид саланги байдлаар тусгагдсан. Тиймээс гадаадын иргэдэд чиглэсэн нэгдсэн, цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх замаар процессыг уялдуулах, ойлгомжтой болгох шаардлага бидний өмнө тулгарч байна. Өнөөдөр анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг нь төрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулж, цаашид урт хугацаанд хэрэгжих бодлогын эхлэлийг тавина гэдэгт итгэж байна.” гэв.  

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Гадаадын иргэдийн Монгол Улсад оршин суух нөхцөл байдал, тэдэнд холбогдох хууль эрх зүйн зохицуулалт нь хүний эрхийн асуудал төдийгүй улсын тусгаар тогтнол, нийгмийн тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай чухал сэдэв. Иймд энэ удаагийн эрдэм шинэжилгээний хурал нь судалгаа, шинжилгээнд үндэслэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, сайжруулах арга замыг хэлэлцэх, оролцогч талуудын санал бодлыг нэгтгэх индэр болж, хурлын үр дүнд гарах дүгнэлт, бодлогын зөвлөмж, шийдлүүд нь Монгол Улсын хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, хөндөгдөж буй олон асуудлын гарц, шийдлийг олоход томоохон түлхэц болох юм” хэмээн онцлов.  

Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хил хамгаалах ерөнхий газар, Зорчигчийн мэдээллийн төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөл оролцож, илтгэгч нараас асуулт асууж, санал дүгнэлтээ хэлж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогч эрдэмтэн, судлаачдын зүгээс гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын нэгдсэн мэдээллийн сан байгуулах, төрийн байгууллагуудын уялдааг нэмэгдүүлэх, гадаадын иргэний аюулгүй байдлыг хангах, хүний эрхийг зөрчих эрсдэлтэй нөхцөл байдлаас сэргийлэх зэрэг олон асуудлыг хөндөв.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тохиролцлоо.