Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 122 удаагийн хяналт шалгалтад 802 аж ахуйн нэгж, байгууллагын 11195 гадаадын иргэнийг хамрууллаа.
Зөрчилд холбогдсон нийт 5700 гадаадын иргэн, 1330 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 422 иргэнийг албадан гаргав. Уг тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо 76.03 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 80.34 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаалаа. Хил дээрээс буцаасан иргэдийг улсаар нь авч үзвэл; БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэн байна.