Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагад өрнөж буй үйл явдлын тойм мэдээлэл

АНУ аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс 15,000 ам.доллар хүртэлх визийн барьцаа шаардана

АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих  Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15,000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа. Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.

Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.

Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.

Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.

Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.

Эх сурвалж: cnn.com


Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их британи, Ази болон Дундад Ази руу чиглэж эхэллээ

АНУ нэгэн цагт гадаад оюутнуудын хамгийн их хүсдэг, мөрөөдлийн улс байсан бол өдгөө энэ байр сууриа алдаж эхэлжээ. Учир нь АНУ-ын Засгийн газраас баримталж буй цагаачлалын хатуу бодлого, визийн нөхцөл, шаардлагыг чангатгаж буй нь АНУ-ын нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутнуудын тоо буурахад нөлөө үзүүлж байна.

Үүний улмаас АНУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудын тоо эрс буурч, тэдний дийлэнх нь Их Британи, Ази тивийн орнууд болон Дубай, Сингапур зэрэг шинэ чиглэлүүдийг сонгох болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 30-40 хувиар буурсны улмаас тус улс 7 тэрбум долларын эдийн засгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Харин Их Британид эсрэгээрээ олон улсын бакалаврын түвшний элсэлт 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цар тахлын дараах нөхцөл байдал ч оюутнуудын сонголтод өөрчлөлт оруулжээ. Соёлын хувьд ижил төстэй, дасан зохицоход хялбар орнуудад суралцах хандлага эрчимжиж, Малайз, Хонг Конг, Сингапурт суралцах сонирхол ихэссэн байна. Тухайлбал, Хонг Конгын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын элсэлт 40 хувиар нэмэгдсэн байна.

Мөн өмнө нь боловсролын чиглэлээр тэр бүр анхаарал татдаггүй байсан Арабын Нэгдсэн Эмират улсын гадаад оюутнуудын тоо 2024–2025 онд 33 хувиар өсчээ. Дубайд байрлах олон улсын сургуулиудын салбар кампусууд өргөжин хөгжиж, бүс нутгийн боловсролын шинэ төв болон төлөвшиж байна.

Үүнтэй адил Illinois Tech, Arizona зэрэг АНУ-ын их сургуулиуд Казахстан улсад салбараа нээж, Төв Азийг олон улсын боловсролын шинэ зангилаа болгох алхмууд хийгдэж байна.

Эх сурвалж: The Times of India

БНСУ 2025 оны 09 дүгээр сарын сүүлээс хятадын жуулчдыг визгүй зорчуулахаар болжээ.

БНСУ-ын Засгийн газраас 2025 оны 9 дүгээр сарын сүүлээс эхлэн аялал жуулчлалын зорилгоор ирэх хятадын иргэдийг визээс чөлөөлөхөө мэдэгдэв. Энэхүү арга хэмжээ нь Ази, Номхон далайн дээд хэмжээний уулзалтын өмнө гадаад жуулчлалыг сэргээх зорилготой бөгөөд 2026 оны 6 дугаар сар хүртэл түр хугацаанд хэрэгжих юм.

Визээс чөлөөлж буйг анх энэ оны 3 дугаар сард зарласан бөгөөд 2024 оны 11 дүгээр сард Хятад улс БНСУ-ын иргэд болон бусад улсын аялал жуулчлалын шугамаар зорчиж буй иргэдийг визээс чөлөөлөх болсны дараах явдал юм.

Мөн үүнийг Ли Жэ Мён ерөнхийлөгчийн либерал засгийн газар хоёр орны харилцаа сайжрах хүлээлттэй холбон тайлбарлаж байна.

Дээрх арга хэмжээг Хятадын 10 дугаар сард тохиох амралтын үеэр хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа ба дотоодын эдийн засгийг сэргээхэд тустай хэмээн Аялал жуулчлалын яамнаас мэдэгдлээ.

БНСУ 2025 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дугаар сарын 01-ны хооронд Гёнжу хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бөгөөд тус уулзалтын үеэр Хятадын удирдагч Ши Жиньпин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар хоёр талын уулзалт хийх магадлалтай ажээ.

Эх сурвалж: reuters.com

Саятнуудын шилжилт хөдөлгөөн эрчимтэй өсөж байна — 2025 онд дэлхийн баян хүмүүсийг хамгийн их татаж буй 10 улс

2025 онд саятнууд шилжин суурьшиж буй гол улсуудаар Арабын Нэгдсэн Эмират, АНУ, болон Италийг нэрлээд байна.

Энэ жил дэлхий даяар 142,000 орчим саятан шилжин суурьших төлөвтэй байгаа бөгөөд тэрбум тэрбумын хөрөнгийг тэд шинээр очсон газартаа аваачих болно.
Henley & Partners компани саятнуудын шилжилт хөдөлгөөний гол шалтгаан нь аюулгүй байдал, татвар, амьдралын хэв маяг хэмээн тодорхойлжээ.
Эдгээр баячууд татварын хөнгөлөлттэй, шилдэг сургалттай, хөрөнгө оруулалт хийх нөхцөл сайтай аюулгүй орон руу шилжин суурьшиж байна.

“Henley Private Wealth Migration Report” судалгаагаар 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142,000 саятан шилжин суурьших төлөвтэй байгаа юм.

New World Wealth компанитай хамтран бэлтгэсэн энэхүү судалгаанд хөрөнгөтэй хүмүүсийг татах тэргүүлэх улс орнууд болон тэдгээр улс руу орж буй хөрөнгийн хэмжээг харуулсан байна.

Шилжиж буй нийт хөрөнгийг тооцоолохдоо тухайн оронд шилжиж буй саятнуудын тоог тэдний дундаж цэвэр хөрөнгөөр үржүүлдэг бөгөөд энэ тоо зах зээл бүрд харилцан адилгүй байдаг.

Хөрөнгө оруулалт болон шилжилт хөдөлгөөний зөвлөх Henley & Partners компанийн хувийн харилцагчийн хэлтсийн дарга Доминик Волек Business Insider-д өгсөн ярилцлагадаа "2025 он бол шийдвэрлэх чухал үе" хэмээн онцлоод "Олон улсын хэмжээнд 142,000 саятан шилжин суурьших бөгөөд бидний сүүлийн арван жилийн турш хийсэн судалгаанд анх удаа Их Британи хамгийн олон саятныг алдаж буй улс болж байна. Энэ нь баячуудын дунд боломж, эрх чөлөө, тогтвортой байдал  бусад оронд илүүтэй байгаа гэсэн ойлголт гүнзгийрч байгааг харуулж байна” гэжээ.

Эх сурвалж: business insider.com

Камбожийн хил дээрх хурцадмал байдалтай зэрэгцэн Тайландын үйлдвэрүүд ажиллах хүчний хямралд орлоо

Тайланд-Камбожийн хил орчмын нөхцөл байдал хурцадсаны улмаас олон мянган цагаач ажилчид нутаг буцаж, хөдөлмөрийн ноцтой хомсдолд орох аюул нүүрлэж буйг нэгэн эдийн засагч анхааруулсан байна.

Энэхүү чухал ажиллах хүч гэнэт алга болсноор Тайландын олон салбарын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд доголдол үүсэж эхэлжээ.

Камбожийн цагаач ажилчид нь Тайландын гадаад ажиллах хүчний томоохон хэсгийг бүрдүүлдэг бөгөөд хөдөө аж ахуй, барилга, хүнсний боловсруулалт, үйлчилгээний салбарт голлох үүрэгтэй ажилладаг.

Албан ёсны мэдээллээр ойролцоогоор Камбож улсын 500,000 ажилчид Тайланд улсад хууль ёсоор ажиллаж байгаа ч, бичиг баримтгүй хөдөлмөр эрхлэгсдийг нэмбэл энэ тоо 1 саяд хүрдэг байна.

Эдгээр ажилчид нь Тайландын хөдөлмөрийн эрэлт хэрэгцээг хангахаас гадна Камбож улсын эдийн засагт чухал орлогын эх үүсвэр болдог. Жил бүр ойролцоогоор 40–65 тэрбум тайланд баттай тэнцэх валютийг эх орондоо шилжүүлдэг нь Камбожийн ДНБ-ий 6.5 хувиас дээш хувийг эзэлдэг.

2025 оны 07 дугаар сарын сүүлээр тав хоног үргэлжилсэн хурц мөргөлдөөний үеэр Камбож улсын 400,000 орчим ажилчид нутаг буцаж, эхний өдөр л гэхэд 150,000 хүн хилээр гарсан байна.

Хэдэн зуун мянган ажилчид гэнэт алга болсноор Тайланд Улсад ажиллах хүчний гэнэтийн хомсдол бий болж, зэрэгцээ Камбожийн эдийн засагт ч дарамт үүсжээ.

Нутаг буцсан ажилчид эх орондоо очоод ажлын хомсдолд орох нь элбэг бөгөөд энэ нь орлогын алдагдал болон гадаад валютын чухал урсгалын шууд бууралтад хүргэдэг.

Хэрэв зөрчил үргэлжилж, хөдөлмөрийн хомсдол улам хүндрэх юм бол эрх баригчид Лаос, Мьянмараас ажилчид нэмж авах асуудал үүсэх юм. Гэвч нэг сая камбож ажилчдыг богино хугацаанд лаос, мьянмар ажилчдаар бүрэн орлуулах нь хүндрэлтэй.

Урт хугацаандаа технологи, капиталд суурилсан бүтцийн өөрчлөлтөд шилжих нь зайлшгүй бөгөөд хөрш орнуудаас хэт хамааралтай байхаас сэргийлж, технологид хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: nationthailand.com