Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагад өрнөж буй үйл явдлын тойм

АНУ трансжендэр эмэгтэйчүүдэд виз олгохыг хязгаарлана

АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн спортод өрсөлдөх хүсэлтэй трансжендэр эмэгтэйчүүдийн визийн зөвшөөрлийг хязгаарлах үүднээс цагаачлалын бодлогоо шинэчилсэн тухайгаа даваа гарагт мэдэгджээ. 

Бодлогын шинэчлэлтийн дагуу USCIS нь онцгой ур чадварын O-1A, өндөр ур чадвартай ажилтнуудад зориулсан EB-1, EB-2 ногоон карт зэрэг ангилалд визийн мэдүүлгийг нягтлахдаа “эрэгтэй тамирчин эмэгтэйчүүдийн эсрэг өрсөлдөж байсан баримтыг” сөрөг хүчин зүйл гэж үзэх ажээ.

USCIS-ийн төлөөлөгч Мэттью Трагессер мэдэгдэхдээ, USCIS нь хүйсийн баримжаагаа өөрчилж, эмэгтэйчүүдийн эсрэг биологийн давуу талаа ашиглан элит спортод түрүүлэх боломжийг эрэлхийлж буй гадаадын эрэгтэй тамирчдад зориулсан хуулийн цоорхойг арилгаж байна гэлээ. Зөвхөн эмэгтэй тамирчид АНУ-д эмэгтэйчүүдийн спортод оролцохоор виз авах нь аюулгүй байдал, шударга ёс, хүндэтгэл, үнэн мөнийг сахиулсан хэрэг юм гэж тэр бээр нэмж хэлжээ.

Энэхүү алхам нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс хөнгөн атлетикийн спортод трансжендэрүүдийн оролцоог зохицуулах өргөн хүрээний хүчин чармайлттай нийцэж байгаа бөгөөд улс орон даяар муж улсын түвшинд батлагдсан ижил төстэй бодлогыг дагаж мөрдөж байна.

Өнгөрсөн сард АНУ-ын Олимп, Паралимпын хороо Д.Трампын энэ оны эхээр гарын үсэг зурсан трансжендэр эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн спортод оролцохыг хориглосон захирамжид нийцүүлэн бодлогоо шинэчилжээ. Д.Трамп хоёрдугаар сард “Эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн спортод оролцуулахгүй байх” тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Уг баримт бичгийг дэмжигчид шударга ёсыг сэргээнэ гэж үзэж байгаа бол шүүмжлэгчдийн хувьд цөөнх тамирчдын эрхийг зөрчиж байна гэсэн байр суурьтай байна.

 Эх сурвалж: https://www.montsame.mn/

 

Английн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэнийг ял оноосны дараа нэн даруй албадан гаргахаар боллоо

Англи болон Уэльсийн шүүхээс ял шийтгэл авсан гадаадын иргэдийг ял оноосны дараа нэн даруй албадан гаргах Засгийн газрын шинэ төлөвлөгөөг зарлалаа. Өнгөрсөн оны 06 дугаар сард баталж, 09 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиар ял шийтгэл эдэлж буй гадаадын иргэдийг ялынхаа 30 хувийг эдэлсний дараа албадан гаргаж байсан бол энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан төлөвлөгөөгөөр уг босгыг бүрмөсөн халж, гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэнийг ял оноосон даруйд албадан гаргах нөхцөлийг бүрдүүлэхээр болсныг засгийн газар ням гарагт мэдэгдэв. Засгийн газрын мэдээлснээр 2024 оны 07 дугаар сараас хойш гэмт хэрэг үйлдсэн 5200 гадаадын иргэнийг албадан гаргасан нь өмнөх онтой харьцуулахад 14 хувиар өссөн байна.

Эх сурвалж: https://www.ft.com/

 

АНУ гадаад оюутан болон сэтгүүлчдийн визний хугацааг багасгах санал гаргалаа

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам лхагва гарагт мэдэгдэл гаргаж, АНУ-ын Засгийн газар гадаад оюутнууд болон сэтгүүлчдийн визний хугацааг богиносгох журам санал болголоо. Энэ нь визний зөрчлийг багасгах болон үндэсний аюулгүй байдлыг хадгалах зорилготой гэжээ.

Шинэ журам дэмжигдвэл гадаад оюутнуудын хувьд хилээр орж ирэхдээ D/S буюу “duraton of status” тэмдэглэгээ хийлгэж, сурч байх болон дадлага хийх, сургалтад суух гэх мэт хугацаандаа визний сунгалт хийлгэх шаардлагагүйгээр 10 жил хүртэл хугацаанд байх боломжтой байсан бол шинэ журмаар оюутны визээр 4 жилээс илүү хугацаанд байх боломжгүй, хэрэв байхаар бол холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн сунгуулах шаардлагатай болох юм. Харин сэтгүүлчдийн хувьд өмнө визээ олон удаа сунгах боломжтой байсан бол шинэ журмаар АНУ-д байх хугацааг 240 хоногоор тогтоож, сунгахаар бол дахин 240 хоногоор 1 удаа сунгах боломжтой болох юм.

АНУ-д 2023–2024 оны хичээлийн жилд 1.1 сая гаруй гадаад оюутан суралцаж байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.

Эх сурвалж: https://www.bbc.com/

Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ

            2023 онд Австралийн дээд шүүхээс Австралиас гадна дахин суурьших боломжгүй гадаад иргэдийг хугацаагүй хорих боломжгүй, энэ нь хүний эрхийг үл хүндэтгэсэн хэрэг болно хэмээн үзсэн ба үүнтэй холбоотойгоор засгийн газраас тус дахин суурьших боломжгүй гадаад иргэдийг Науру руу шилжүүлэх шийдвэр гаргав. Зарим хэвлэлүүд Науру аралд Австралийн зүгээс 1 удаа 400 сая австрали доллар, түүнээс хойш жил бүр 70 сая австрали доллар төлнө гэж мэдээлээд байгаа боловч Засгийн газрын зүгээс ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна.

Австралийн ерөнхий сайд Энтони Албанезийн 09-р сарын 01-ний даваа гарагт хийсэн мэдэгдэлд шүүхийн шийдвэрээр хугацаагүй хорих ял өгөх боломжгүй, өөрийн улс руу мөн буцах боломжгүй гадаад гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэн суурьшуулах зорилгоор номхон далайн жижиг арал болох Науруд төлбөр төлж, гэрээ хийхээр болсон тухай анх удаа зарлалаа.

            Австралийн дотоод хэргийн сайд Тони Бёрк 08-р сарын 29-ний баасан гарагт Науруд айлчилж Ерөнхийлөгч Дэвид Адеантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан ба уг уулзалтаас 2 хоногийн дараа ерөнхийлөгч Адеан “Австралид хууль ёсоор амьдрах боломжгүй хүмүүсийг бид хүлээн авч зөв зохистой харьцан, амьдрах нөхцөлөөр хангах болно. Австралийн зүгээс энэ тохиролцоог дэмжих санхүүжилтийг олгоно” хэмээн мэдэгджээ.

            Энэ хэлцлийн хүрээнд эхний ээлжид Австралиас 280 иргэн Науруд шилжин суурьших тоон мэдээлэл гарсан байна.

            Энэ шилжүүлэн суурьшуулах ажиллагааны хамрах хүрээнд Афганистан, Иран зэрэг өөрийн улс руу буцах боломжгүй нөхцөл байдалд байгаа иргэд ихэнх хувийг эзэлж байна.

Эх сурвалж: https://www.apnews.com/

 

Их Британи - Дүрвэгсэд гэр бүлээ урих өргөдлийг түр

хугацаанд авахаа зогсоолоо

            Их Британийн Засгийн газар дүрвэгсдийн гэр бүлийн гишүүдээ авчрах хүсэлтийг түр хугацаанд хүлээж авахаа зогсоосон тухайгаа, мөн тун удахгүй шинэ журам батлах тухайгаа мэдээллээ.

Гадаад хэргийн сайд Иветт Купер хэлэхдээ, энэ шийдвэр ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх ба дүрвэгчид гэр бүлээ урьж авчрахдаа тодорхой нөхцөл, шаардлага хангадаг болох ажээ. Жишээлбэл, уригч дүрвэгч иргэн нь жилд дор хаяж 29 мянган фунтийн орлоготой байх, орон байртай байх, харин ирж буй гэр бүлийн гишүүн нь англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх гэжээ. Мөн Купер хэлэхдээ, “Дайн, мөргөлдөөн, хавчлагад өртөн хагацсан гэр бүлүүдэд туслах зорилгоор олон жилийн өмнө уг хүсэлтийн журмыг боловсруулсан боловч өнөөдрийн нөхцөл байдалд хязгаарлалт хийх шаардлагатай байна. Дани, Швейцар зэрэг орнууд дүрвэгсдийн гэр бүлээ урих хүсэлтийг тухайн улсад дор хаяж 2 жил амьдарсны дараа гаргах заалттай байдаг бөгөөд ингэснээрээ тэд 2 жилийн хугацаанд орон байр, ажил зэргээ зохицуулсан байдаг. Харин Их Британийн хувьд дүрвэгсэд бараг ирмэгцээ, орогнох байранд байх үедээ хүсэлт өгдөг. Үүний үр дүнд дүрвэгсэд  гэр бүлээрээ орон байргүй байх, орон байр хүсэх зэрэг асуудлууд гарч байна” гэжээ.

Цаашид дүрвэгчдийн гэр бүлээ урих хүсэлтийг хууль ёсны цагаачлалын дүрэмд нийцүүлэн шинэчлэх бөгөөд өөрчлөлтийг ирэх хавраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

            Мөн засгийн газраас 2029 он гэхэд орогнол хүсэгчдийг байрлуулах байрны үйлчилгээг зогсоохоор болсноо мэдэгдэв. 2025 он гарснаар 28000 гаруй цагаач, дүрвэгсэд Их Британид нэвтэрчээ.

            Эх сурвалж: https://www.bbc.com/