Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаад улсын ижил чиг үүргийн байгууллагад өрнөж буй үйл явдлын тойм

БНСУ хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй

гадаадын иргэдийг албадан нутаг буцаахгүй

БНСУ-ын Хууль зүйн яам хууль бусаар оршин суугаа боловч цалин хөлсөө авч чадаагүй гадаадын иргэдийг албадан нутаг буцаах арга хэмжээг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд “Гадаадын иргэний оршин суух, цагаачлалын хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар төрийн болон орон нутгийн байгууллагын албан хаагч хууль бусаар оршин суугаа гадаадын иргэнийг илрүүлсэн тохиолдолд харьяа цагаачлалын албанд мэдэгдэх үүрэгтэй.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн цалингийн өрийн асуудлыг шийдвэрлэх багц арга хэмжээний хүрээнд “хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй гадаадын ажилчдыг албадан нутаг буцаахгүй байх” шинэчилсэн зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх газарт цалин хөлсөө аваагүй тухай өргөдөл, гомдол гаргасан эсвэл шалгагдаж буй тохиолдолд тухайн гадаадын иргэнийг хууль бус оршин суугч байсан ч албадан нутаг буцаахгүй байх эрх зүйн орчин бүрдэх юм.

Мөн албадан нутаг буцаах шийдвэр гарч, түр саатуулах байранд байгаа гадаадын иргэн цалин хөлсөө аваагүй нь нотлогдсон тохиолдолд саатуулах байрнаас түр хугацаанд гаргах хүртэлх зохицуулалт хэрэгжих аж. Үүний зэрэгцээ зохих цалин хөлсийг олгоогүй ажил олгогчдыг Хөдөлмөрийн яамны “жагсаалт”- д бүртгэж, гадаад ажилтан ажиллуулах эрхийг хязгаарлах эрх зүйн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байна.

Хууль зүйн сайд Чон Сон Хо хэлэхдээ “Цалингаа авч чадаагүй гадаадын ажилчдыг шууд албадан нутаг буцаах шийдвэр дахин гарахгүй. Энэ шинэчлэл нь хөдөлмөр эрхлэгчийн эрхийг хамгаалж, хүний эрхийг дээдлэхэд чиглэсэн цаг үеэ олсон шийдвэр юм” хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: https://www.immigration.go.kr/

Карибын орнууд иргэдээ хил дамнан

чөлөөтэй ажиллах гэрээ байгууллаа

Энэ оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн Чөлөөт хөдөлгөөний тухай хэлэлцээр Карибын тэнгисийн дөрвөн оронд хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр боллоо. Барбадос, Белиз, Сент Винсент ба Гренадин, Бүгд Найрамдах Доминикан Улсуудын иргэд энэ 4 улсын алинд ч оршин суух зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж, түр хугацаагаар оршин суух эрхтэй болжээ.

Энэхүү хэлэлцээр нь Карибын тэнгисийн Нийгэмлэг (Caricom)-ийн гишүүн 15 улсын дунд олон жил яригдсан, ажил, үйлчилгээ, бизнесийн салбаруудын чөлөөт хамтын ажиллагаа бүхий Caricom Single Market and Economy (CSME) хөтөлбөрийн хүрээнд өргөжиж байгаа үйл явц юм. 

Барбадосын Caricom дахь төлөөлөгч Дэвид Комиссонг хэлэхдээ энэ гэрээ зөвхөн хөдөлмөрийн эрх чөлөөг хангах бус Карибын орнуудын соёл, эдийн засгийн интеграцчилал, нэг зах зээл, нэг эдийн засаг бий болгох зорилготой хэмээн мэдэгджээ. 

Хэлэлцээрт нэгдэх улсуудын иргэд, тэр дундаа хөдөлмөр эрхэлж буй иргэд, боловсролтой залуус энэхүү боломжийг өндрөөр үнэлж байна. Харин зарим нь, нийтлэг үйлчилгээ буюу эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэх, ажил эрхлэлтэд “хүртээмжийн өрсөлдөөн” бий болох зэрэг сөрөг нөлөө үүсэхээс болгоомжилж буй талаараа илэрхийлжээ. 

Түүнчлэн төлөөлөгч Дэвид Комиссонг чөлөөт хөдөлгөөний схем нь бүс нутагт илүү их боломжийг олгоно хэмээн найдаж байгаагаа илэрхийлж “Карибын улс орнууд Хойд Америк, Европ руу цагаачлах хүмүүсийн тоог цөөлөх сонирхолтой байдаг, ялангуяа эдгээр цагаачдын дийлэнх нь өндөр боловсролтой, бэлтгэгдсэн залуучууд байдаг тул тэднийг дотооддоо ажиллаж, үндэсний хөгжилд хувь нэмрийг нь оруулахын тулд эх орондоо байлгах хэрэгтэй.  Эдгээр залуучуудыг эх оронд нь амьдруулж, Карибын тэнгисийн бүс нутгаа хөгжүүлэхийн тулд бидний хийж чадах зүйл бол зөв чиглэлд хамтдаа алхах юм" гэжээ.

Эх сурвалж: https://www.theguardian.com/

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён солонгос иргэдийн

эрх ашгийг хамгаалахыг үүрэг болголоо

АНУ-ын Цагаачлалын алба тус улсын Жоржиа мужид үйл ажиллагаа явуулдаг “Hyundai Motors Group”, “LG Energy Solution” үйлдвэрүүдэд шалгалт хийж, хууль бусаар оршин сууж байсан 300 орчим солонгос иргэнийг баривчилжээ. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён БНСУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Атланта дахь Ерөнхий консулын газарт үүссэн асуудалд анхаарал хандуулж, шуурхай шийдвэрлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллахыг чиглэл болгосон байна.

Хилийн чанад дахь Солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах хороо, БНСУ-аас АНУ-д суугаа ЭСЯ, ЕКГ-уудын оролцсон хамтарсан уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Жу Хён “И Жэ Мён Ерөнхийлөгч АНУ хууль тогтоомжоо хэрэгжүүлэхдээ солонгос иргэдийн эрх ашиг болон тус улсад хөрөнгө оруулсан солонгосын компаниудын эдийн засгийн үйл ажиллагаанд шударга бусаар хандаж болохгүй” гэдгийг цохон тэмдэглэж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахыг онцгойлон үүрэг болгосныг танилцуулав.

Мөн тэрбээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ГХЯ-ны өндөр түвшний албан тушаалтнуудыг АНУ руу яаралтай илгээх, шаардлагатай тохиолдолд өөрөө Вашингтонд биечлэн очиж, АНУ-ын талтай зөвшилцөх зэрэг хувилбарыг хэлэлцэж буйгаа мэдэгдэв. Баривчилгаанд Жоржиа мужийн Саванна хотод үйл ажиллагаа явуулдаг “Hyundai Motors Group”, “LG Energy Solution” группын хамтарсан аккумуляторын үйлдвэрийг барьж байсан 475 гадаадын иргэн өртсөн байна.

 Эх сурвалж: https://www.immigration.go.kr/

АНУ зөрчилд холбогдсон Иран Улсын иргэдийг эх оронд нь буцаана

АНУ болон Ираны Засгийн газрын зөвшилцлийн үндсэн дээр ираны иргэдийг захиалгат нислэгээр эх оронд нь албадан буцаах болсон талаар Ираны Засгийн газар мэдээлжээ. АНУ-ын Засгийн газар цагаачдыг хүний эрх хамгийн их зөрчигддөг улс руу ч буцааж байгаа нь тэдний цагаачдын талаарх бодлого хэр чанга болсныг харуулж байна.

Ираны Засгийн газраас мэдээлж буйгаар Даваа гарагийн орой захиалгат нислэгээр эхний 120 иргэн Лос Анжелес дахь Александра цэргийн нисэх буудлаас хөөрсөн бөгөөд замдаа Пуэрто Рикод зогсолт хийж Дохагаас Тегеран руу дахин нэг захиалгат нислэгээр дамжин эх орондоо ирэх аж.

Вашингтон дахь Ираны ашиг сонирхлын хэлтсийн дарга Аболфазл Мехрабади “Албадан гаргагдсан хүмүүсийн дийлэнх нь саатуулах байранд олон сар амьдарсан, орогнол хүсэх хүсэлт нь буцаагдсан иргэд байсан бөгөөд тэд сайн дурын үндсэн дээр буюу Судан, Сомали зэрэг гуравдагч улс руу биш эх орон руу нь буцааж байгаа тул хүлээн зөвшөөрч буцаж байгаа. Ираны Засгийн газар ямар ч иргэнээ өөр улсад хоригдох, эсвэл гуравдагч оронд хууль бусаар оршин суухыг хүсэхгүй тул эдгээр иргэд эх орондоо буцахад ямар ч асуудалгүй” гэжээ. Мөн түүний хэлснээр цагдан хорих байранд 500 орчим иргэн байгаа бөгөөд нийт 2500 орчим иргэн АНУ-аас албадан гарах нөхцөл байдалд байгаа юм.

АНУ хэдэн арван жилийн турш Иранд эрх нь зөрчигдөж, хавчигдаж буй эмэгтэйчүүд, улс төрийн тэмцэгчид, сэтгүүлчид, хуульчид, шашны цөөнх болон LGBTQ  хүмүүст орогнол олгож ирсэн. Гэвч энэ жилийн эхээр АНУ эх орондоо Христийн шашин шүтдэгээсээ болж гадуурхагдаад байсан иран иргэдийг Коста Рика, Панама руу нүүлгэн шилжүүлжээ. Ийнхүү цагаачдыг албадан гаргаж буй кампанит ажлыг зарим цагаачид эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаж байна.

Иран руу буцаагдаж буй иргэдийн шалтгаан тодорхойгүй ч тэдний дунд 30 настай Христийн шашинт эмэгтэй, саяхан төрсөн нярайн аав, үндэстний цөөнх, улс төрийн тэмцэгч нар багтаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд улс төрийн болон шашны итгэл үнэмшлээсээ болж хавчигдан, хэлмэгдэхээс айсан иран дүрвэгчид АНУ-ын өмнөд хилээр хууль бусаар олноороо нэвтэрч байна.

Өнөөг хүртэл АНУ нь Иран гэх мэт дотоод асуудалтай улсууд руу дипломат харилцааны асуудлаас шалтгаалан иргэдийг нь албадан нутаг буцаах үзэгдэл ховор байсан бөгөөд 2024 онд 20 орчим иран иргэнийг нутаг руу нь албадан буцааж байжээ.

Эх сурвалж: https://www.theguardian.com/

Франц улс дүрвэгсдэд хатуу хандаж, Кале дахь хууль бус орогнох байрнуудыг цэвэрлэж, завьтай дүрвэгсдийг саатуулж эхлэв

Францын эрх баригчид нутгийн хойд хэсэгт, далайн эргийн Кале хотод ашиглагдаагүй агуулахад орогнож байсан бүлэг дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлжээ. Тус агуулахад хэдэн зуун дүрвэгсэд нэг жилийн турш амьдарч байсан байна.

Кале дахь хуучин агуулахад ойролцоогоор 600 хүн нэг жил орчим байрлаж байсан бөгөөд Пас-де-Кале мужийн захиргаа эдгээр хүмүүсийг “хортой, аюултай нөхцөл”-д байсныг онцолжээ.           

AFP агентлагийн мэдээлснээр, “Cheers” гэж нэрлэгдсэн уг агуулах руу 01 дүгээр сард очсон сурвалжлагчид дүрвэгсдийг харанхуй, чийглэг, хогийн овоон дунд шахцалдсан нөхцөлд амьдарч байгааг мэдээлж байжээ. Мужийн захиргааны мэдэгдэлд дурдсанаар, уг газар нь удаан хугацаанд дүрвэгсдийг мөлжих хууль бус сүлжээний төв болсон бөгөөд орон сууцыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа “амар тайван, ямар нэгэн осолгүй” явагдсан гэжээ.

Өмнөх сард мужийн захиргаа нүүлгэн шилжүүлэх бэлтгэлээр хэд хэдэн удаа очиж, дүрвэгсдэд өрхийн төвүүдэд түр байрлах боломжийг санал болгож байсан бөгөөд үүний үр дүнд 170 хүн санал болгосон байрлалд очсон байна. Агуулахад амьдарч байсан дүрвэгсдийг хууль бус хил нэвтрэгчид гэж үзэж байсан тул газрын эзэд газраа ашиглах боломжгүй байсан аж. Нүүлгэсний дараа эзэмшигчид орц, гарцыг хааж, дахин орогнох боломжгүй болгосон байна.

Францын цагдаа нар Кале болон эргэн тойрны аюултай газар нутгаас дүрвэгсдийг тогтмол нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж  байгаа ч дүрвэгсэд хууль бус завь ашиглан Их Британи руу явахаар завдах тохиолдол нэлээдгүй нэмэгдсэн гэж мэдээлжээ. Сүүлийн жилүүдэд Пас-де-Кале мужид жижиг завь ашиглан Их Британи руу гарах хүсэлтэй хэдэн зуун, зарим үед 1,000 гаруй дүрвэгсэд цугларах болжээ. Их Британийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, 2025 онд нийт 33,486 хүн Английн сувгийг гаталж Их Британид хүрсэн бол 2024 онд Их Британи руу хийсэн хууль бус хил нэвтрэлтийн 80 хувь нь жижиг завь ашигласан байна.

Францын хойд эргийн хотуудаас Их Британи руу завиар ирэх хууль бус нэвтрэлтийг бууруулах зорилгоор Ерөнхий сайд Киер Стармер өнгөрсөн сард шинэ хөтөлбөр хэрэгжүүлсэн нь Их Британи руу хууль бусаар нэг хүн ирвэл, Франц дахь хууль ёсны орогнолтой нэг хүнээр солих эсвэл буцаах нөхцөл юм. Францын эрх баригчид ч энэ хөтөлбөрийг Кале, Дюнкерк, Булонь-сюр-Мер зэрэг хойд эргийн хотод хууль бус дүрвэгчдийн тоог бууруулахад ихээхэн нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.

Эх сурвалж: https://www.theguardian.com/